



















Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Нэгдсэн үндэстний байгууллагын Хөгжлийн Хөтөлбөрийн хамтран 2019-2025 онд хэрэгжүүлсэн “Монголын унаган байгалийн хүлцэл, тогтворжилтыг хангах нь” төслийн хаалтын хурал өчигдөр /2025.09.30/ зохион байгуулагдлаа.

Хурлын үйл ажиллагааг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар нээж хэлсэн үгэндээ “Энэхүү төсөл нь байгаль хамгаалал, эдийн засгийн өсөлт харилцан уялдаатай хөгжиж болохыг харуулсан. Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг өргөжүүлэх, зэрлэг амьтдыг сэргээн нутагшуулах, бэлчээрийн менежментийн шинэлэг санаачлагуудыг хэрэгжүүлснээр хүн, байгаль хоёр тэнцвэртэй үр ашиг хүртэх илүү ногоон, илүү дасан зохицох чадавхитай Монгол орны суурийг бий болгож байгаа. Тухайлбал, төслийн зорилтот бүс нутагт 1.2 сая га талбай бүхий 20 газрыг тусгай хамгаалалтад авсанаар Монгол улс 2030-2050 он хүртэл хугацаанд нийт нутаг дэвсгэрийн 30-35 хувийг хамгаалалтад авах зорилтыг хангахад дэмжлэг болсон. Баданга хүдэр, Хариун буга, Монгол тарвага, Улаан гоёо зэрэг ховор, нэн ховор амьтдын амьдрах орчныг сайжруулж, малчдын орлогыг бууруулахгүйгээр малын тоог цөөлөх бэлчээрийн менежментийн шинэлэг санаачлагыг хэрэгжүүлсны үр дүнд зорилтот бүс нутагт малын тоог 30 гаруй хувиар бууруулсан. Түүнчлэн байгаль орчны салбарын эрх зүйн болон институтийн тогтолцоог бэхжүүлэх, байгалийн нөөцийг тогтвортойгоор зохион байгуулах орон нутгийн засаг захиргаа, хүний нөөцийн чадавхыг дээшлүүлсэн” хэмээн онцоллоо.
Мөн нээлтийн үеэр НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн суурин төлөөлөгч Матилда Димовска “Монгол улсын засгийн газар болон орон нутгийн хамтрагч талуудын үүрэг амлалтанд талархаж байгаагаа илэрхийлээд төслийн амжилтууд нь засгийн газар, олон нийт, хөгжлийн түншүүд гар нийлэн хамтран ажиллахад юу хийх боломжтойг харуулж байна. Экосистемийг хамгаалах, амьжиргааг сайжруулах зорилтыг хангах зөвхөн биш харин Монгол улсын тогтвортой ирээдүйг бий болгох гэдэг хамгийн чухал ач холбогдол нь юм. Төслийг хэрэгжүүлэхэд санхүүгийн дэмжлэг үзүүлсэн Дэлхийн байгаль орчны санд бид талархаж байна” гэлээ.
“Монголын унаган байгалийн хүлцэл, тогтворжилтыг хангах нь” төсөл Даян дэлхийн байгаль орчны сангийн санхүүжилтээр Соён, Хангайн уулст хамаарах Тарвагатайн нуруу, Бөхөн шарын нуруу, өмнийн Говийн бүсэд хамаарах Улаан шалын хоолой, Захуй зармангийн говийн бэлчээр, ойн доройтлыг бууруулах, биологийн олон янз байдлыг хамгаалах, тогтвортой амьжиргааг дэмжих замаар экосистемийн үйлчилгээг сайжруулах хүрээнд 7 жилийн хугацаанд хэрэгжсэн.
Хаалтын хуралд төсөл хэрэгжүүлэгч талууд, орон нутгийн төрийн болон төрийн бус байгууллага, шинжлэх ухааны байгууллага, хувийн хэвшил, төслийн үр шим хүртэгчид нийт 100 гаруй төлөөлөл оролцож төслийн үр дүн, орон нутагт бий болсон сайн туршлагыг хуваалцан, төслийн үр нөлөөг цаашид тогтвортой хадгалахад бүх талын хамтын ажиллагаа, түншлэлийг бэхжүүлэх талаар хэлэлцэн дүгнэлээ.
Эх сурвалж: Байгаль Орчин Уур Амьсгалын Өөрчлөлтийн Яам









