



















Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг эрсдэлд оруулах үр дагавартай шийдвэр гаргасан буруутай этгээдийг тогтоолгохоор прокурорт гомдол гаргаад байсан.
Одоогоор Нийгмийн даатгалын санд Капитал банк, Чингис хаан банкнаас авах 160 тэрбум төгрөгийн авлага бий. Капитал банканд 104.2 тэрбум төгрөгийн авлагаас мөнгөн хөрөнгөөр 13 тэрбум, хөрөнгөөр 25 тэрбум төгрөгийг барагдуулсан байна. Өнөөдрийн байдлаар Чингис хаан банк 94.95 тэрбум төгрөгийн авлагатай. Цаашид нийгмийн даатгалын сангийн алдагдсан хөрөнгөө эргүүлж авах, дахин эрсдэлд оруулахгүй байх хамгийн чухал болсон юм. Тиймээс Нийгмийн даатгалын үндэсний зөлөлөөс Нийгмийн даатгалын санд тавих хяналтыг сайжруулах, гарч буй эрсдэлээс хамгаалах журмыг шинэчлэн батлаад байна.
Нийгмийн даатгалын сангийн өрийг харвал
₮10,000-аас ₮1,000,000- ийн өртэй 13,989 ААНБ, 12,000 иргэн
₮1,000,000-аас ₮10,000,000 сая төгрөгийн өртэй 17,143 ААНБ 87 иргэн
₮10,000,000- ₮100,000,000 өртэй 5839 ААНБ 91600 иргэн
₮100,000,000-аас ₮500,000,000 өртэй 606 ААНБ 51,000 иргэн
₮500,000,000-аас ₮1,000,000,000 өртэй 50 ААНБ 16310 иргэн
₮10,000,000,000-аас дээш өртэй 1 ААНБ 38 иргэн
Үүнээс харвал, Нийгмийн даатгалын санд өртэй 37'628 ААНБ, 171035 иргэн өртэй байна.
Багцалж үзвэл, 100 саяас тэрбум хүртэлх төгрөгийг өр үүсгэсэн ААНБ-иудын улмаас хамгийн олон иргэн хохирч байна. НДШ төлөлт тасалдсанаар зээл авах, визэнд орох, жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрх хязгаарлагддаг. Нөгөө талаас ажилтандаа цалин олгохдоо төлдөг НДШ компаниудад их бага хэмжээгээр дарамт үүсгэдэг асуудал хөндөгдсөн хэвээр буй ч, Засгийн газраас шийдэл олж чадахгүй хэвээр байна. Ямартай ч одоо үйлчилдэг хуулийн хүрээнд хагас их наядын НДШ-ийн өр авлага үүссэн нь тулгамдсан асуудал боллоо. Энэхүү өр авлагын улмаас 324 мянган даатгуулагчийн эрх ашиг хөндөгдөж, тэд их бага хэмжээгээр хохирч байна. Мөн тухайн сангаас олгогддог зарим халамжийн мөнгө санхүүжилтгүй болж олгогдохгүй гацжээ.
2024 оны эцсийн байдлаар Нийгмийн даатгалын сангийн Нийгмийн даатгалын шимтгэлийн авлага 512 тэрбумд хүрчээ. Авлага ийнхүү нэмэгдэж, сан мөнгө санхүүжилтгүй болсны улмаас 1900 гаруй иргэн ажилгүйдлийн тэтгэмжээ авч чадахгүй болсон байна.
Даатгуулагч нийт 24 сар, үүнээс сүүлийн 9 сард тасралтгүй ажилгүйдлийн даатгалд хамрагдсан бол тэтгэмж авдаг. Энэхүү тэтгэмжийг хуульд зааснаар ажлын 76 хоногийн хугацаанд хуваан олгодог. Ажилгүйдлийн тэтгэмжийг ажилласан жилээс хамаарч цалингийн 70 хүртэлх хувиар 3 сарын хугацаанд олгодог хуультай. Энэ нь иргэн дараагийн ажилдаа орж, нийгмийн даатгалын шимтгэл төлж эхэлснээр зогсдог.
Ажил олгогч, ажилтан ажилгүйдлийн даатгалын санд 0.7 (0.5;0.2) хувийн шимтгэл төлдөг. Ажилгүйдлийн даатгалын сангаас 2024 онд ажилгүй болсон 30.8 мянган даатгуулагчид 137 тэрбум төгрөгийн тэтгэмж олгожээ. 2025 онд ажилгүйдлийн даатгалын санд 143 тэрбум төгрөг төсөвлөсөн.
2024 онд өглөг үүсгэсэн зарим хүний тэтгэмжийг энэ сард бүрэн олгоно гэж НДЕГ-аас мэдээлж байна. Мөн НДШ-ийн хувь хэмжээг өөрчлөх эсэх санал асуулга эдгээр өдрүүдэд үргэлжилж байна. Энэхүү татварын багц хуульд өөрчлөлт оруулах санал асуулгад иргэн, ААНБ-иуд өргөнөөр оролцож тулгамдсан асуудлаа хуулийн хүрээнд шийдүүлэх боломж байж болох юм.











