



















Чингис хаан олон улсын нисэх буудал, Багануур, Багахангай чиглэлээс бусад чиглэлд нийтийн тээврээр 1000 төгрөгөөр зорчих зохицуулалт хэрэгжиж эхэлсэн. Шинэ зохицуулалтаар иргэд өдөрт 1000 төгрөг төлөөд чиглэл харгалзахгүй, цагийн хязгааргүйгээр өдөрт дөрвөн удаа зорчих боломжтой гэж Нийтийн тээврийн бодлогын газраас тайлбарлаж байлаа. Гэтэл бодит байдал дээр тасалбарын үнийн энэхүү шинэчлэл иргэдийг ихэд бухимдуулах болжээ. Тасалбарын үнээ хоёр дахин нэмсэн зарим нийтийн тээврийн дамжин суух систем ажиллахгүй, гацаж буйн улмаас илүү төлбөр төлж зорчсон тухай 23 иргэн Нийтийн тээврийн бодлогын газарт гаргажээ. Мөн зарим иргэн цахим сүлжээнд Хайлааст, Богд-Араас-Зайсан чиглэлд явдаг зарим автобусын буух хаалганы дамжин суух төхөөрөмж ажилладаггүй гэж шүүмжилсэн байлаа.
Харин энэ асуудалд Нийслэлийн тээврийн бодлогын газар дараах хариултыг өглөө.
Шинэ зохицуулалт хэрэгжиж эхлэхээс өмнө бид бүх автобусны дамжин суух төхөөрөмжийг хянаж, шалгасан. Зарим тохиолдолд төхөөрөмж хөлдөх, гацах тохиолдол гарахыг үгүйсгэхгүй. Иймд иргэд хэрэв тухайн чиглэлд явж буй нийтийн тээврийн дамжин суух төхөөрөмж нь ажиллаагүй бол Нийтийн тээврийн бодлогын газарт гомдол гаргаж, мэдээлэл өгөх боломжтой. Бид мэдээллийн дагуу хяналт, шалгалт хийж засварлана...
Гэтэл журмандаа буух хаалганы төхөөрөмж ажиллахгүй, гацсан тохиолдолд тухайн автобусыг үйлчилгээнд явуулахгүй байхаар тусгажээ. Гэрээний хүрээнд “Улаанбаатар Смарт Карт” ХХК-д дуудлага өгч, засварлуулсаны дараа шугамдаа буюу иргэдэд үйлчлэх дүрэмтэй. Гэтэл нийтийн тээврийн компаниуд энэ журмыг мөрдөөгүйгээс эцэст нь иргэд санхүүгээрээ хохирч, хохирлоо хаана барагдуулах нь тодорхойгүй нөхцөл үүсээд байна.
Уг нь автобусаар зорчих тасалбарын үнийг ₮500-₮1000 болгож хоёр дахин нэмснээр, нийслэлийн төсвөөс автобус компаниудад өгдөг татаасын төлбөр багасч, гажуудал арилна гэж Нийслэлийн тээврийн бодлогын газраас тайлбарласан. Мөн 2021 онд хийсэн судалгаагаар нийтийн тээврээр нэг зорчигч тээвэрлэх зардлын үнэ 1300 төгрөг хэмээсэн байдаг. Тиймээс ийнхүү нийтийн тээврийн үйлчилгээний зардлын зөрүүг ойртуулах үүднээс НИТХ-аас гаргасан тогтоолыг хэрэгжүүлж байна гэх ч, тэд үнээ нэмэхдээ шаардлагатай программ, технологийн шинэчлэл, бэлтгэл ажлаа дутуу хийснээс иргэд хохирсон ч, хариуцлага хүлээн албан тушаалтан нийтийн тээврийн салбарт алга.











