



















Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал нийслэлийн Давж заалдах шатны шүүхэд өнөөдөр 10.00 цагт эхэлсэн, үргэлжилж байна. Н.Өнөрцэцэгийн холбогдох хавтас хэрэг нь маш нууцын зэрэглэлтэй тул бүхэлд нь болон хэсэгчлэн нээлттэй явуулах боломжгүй гэж нийслэлийн Давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг хуулийн тайлбар, тойм гаргасан. Тиймээс давж заалдах шатны хаалттай шүүх хуралд Н.Өнөрцэцэг 5-6 өмгөөлөгчийн хамт оролцож байна.
Мөн шүүх хуралдаанд өмгөөлөгч нар хоёр хүсэлт гаргахаа мэдэгдсэн. Тэд нэг хүсэлтийг нь дурдах боломжгүйгээ илэрхийлээд, хэргийн оролцогч биш субъектүүд шүүх хуралдаанд ажиглагчаар оролцох эсвэл олон нийтэд нээлттэй явуулах хүсэлт гаргасанаа тайлбарласан юм. Учир нь, Н.Өнөрцэцэг өөрөө энэ талаарх хүсэлтээ гаргажээ. Харин өмгөөлөгч нарын зүгээс шүүх бүрэлдэхүүнд дахин шүүх хурлыг тусгаарлаж, нээлттэй явуулах хүсэлт гаргах юм байна.
Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн яг ямар зүйл ангиар буруутгаж, 4.9 жилийн хорих ял өгснийг эргэн сануулъя.
13.11 дүгээр зүйлд заасан “Хувь хүний нууцыг задруулах” зүйл ангиар буруутгаж, 2 жилийн хорих ял оноов,
13.14 дүгээр зүйлд заасан “Худал мэдээлэл тараах”. Үүнд, Боловсролын зээлийн сангийн зээл авсан тухай нийтэлсэн мэдээлэл, Ц.Гарамжавын зээлийн асуудлыг мэдээлсэн, Шүүхийн нэр төрд халдсан буюу ШЕЗ-ийн гомдол зэрэг дөрвөн иргэн, нэг хуулийн этгээдээс гаргасан гомдол байв. Үүнд гурван сарын зорчих эрх хязгаарлах ял оноосон,
18.3 дугаар зүйлд заасан “Татвар төлөхөөс зайлсхийсэн" гэж үзэж 1 жилээр зорчих эрх хязгаарлав;
18.6 дугаар зүйлд заасан “Мөнгө угаах” . 57 сая төгрөгийн татвараас зайлсхийсэн орлогоо захиран зарцуулж мөнгө угаасан хэргээр 6 сарын хорих ял оноов,
19.11 дүгээр зүйлд заасан “Төрийн нууцыг хууль бусаар олж авах”. Өөр бусад этгээдийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийн хураан авсан гэх бичиг баримтад улсын нууцад хамаарах баримт бичиг байсан гэх бөгөөд үүнийг Н.Өнөрцэцэг хадгалсан, олж авсан гэж буруутган 1 жилийн хорих ял оноосон байдаг.
Хэдийгээр түүний гэр бүл болон өмгөөлөгч нарын зүгээс шүүх хурлыг нээлттэй явуулах хүсэлт гаргасан ч шүүх хүлээн аваагүй. Шүүх хурал яг одоо хаалттай үргэлжилж байна.









