



















АНУ-ын ерөнхийлөгч асан Д.Трамп эргэн ирж, сонгуульд ялалт байгууллаа. Өрсөлдөөн ихтэй, сонирхолтой өрнөсөн ерөнхийлөгчийн сонгууль ОХУ-д ашигтай, Украинд халтай болж өнгөрөв. Учир нь Д.Трамп Украины дайныг дахин санхүүжүүлэхгүй, мөн зэр зэвсэг, бусад хангамжийн туслалцааг зогсоохоо амласан юм. Ингэснээр Украины армийн нөхцөл байдал хүндрэх төлөвтэй байгааг шинжээчид онцолж байна. Мөн Жо.Байден суудлаасаа буухаас өмнө Украинд үзүүлэх тусламжийг нэмэгдүүлэх төлөвтэй байна. Мөн тэрээр,
Хэрэв би ерөнхийлөгч байсан бол Украин-Оросын дайн эхлэхгүй байсан гэж удаа дараа мэдэгдэж байлаа.
ОХУ-ын арми Умард Солонгосын 10 мянган цэргээр хүч сэлбэсэн бол Украин маш том дэмжлэгээ алдав. Энэ бол ОХУ-тай хийж буй дайнд шийдвэрлэх нөлөө үзүүлж магадгүй юм. ОХУ-ын тал санхүүжилт дутсан Украины армийг ялах нь цаг хугацааны асуудал болно.
Украины армийн Ерөнхий командлагч Александр Сырский өнгөрсөн бямба гаригт Telegram хуудаснаа, фронтын шугам дээр нөхцөл байдал хүнд байдал хүнд зарим бүс нутагт байрлах Украины анги нэгтгэлүүдийн нөөцийг байнга шинэчлэх шаардлагатай байна гэж мэдэгджээ.
ОХУ Украинд халдан түрэмгийлж дайн өдүүлснээс хойш Дональд Трамп В.Путиныг удаа дараа магтаж, Украины Ерөнхийлөгч В.Зеленскийг хэд хэдэн удаа шүүмжилсэн байдаг.
Тэгвэл Украины Ерөнхийлөгч В.Зеленский Д.Трампад баяр хүргэж, “энх тайвны төлөө” гэсэн амлалтад нь талархаж байгаагаа илэрхийлэв.
Тэрээр, “Бид Ерөнхийлөгч Д.Трампын шийдэмгий удирдлага дор хүчирхэг эрин үеийг үзнэ гэж найдаж байна. АНУ-ын Ардчилсан нам, Бүгд Найрамдах нам хамтдаа Украйнд дэмжлэг үзүүлнэ хэмээн итгэж байгаагаа илэрхийлжээ.
Украины Ерөнхийлөгч В.Зеленский өөрийн цахим хуудаснаа ингэж бичсэн нь цаашид Д.Трампаас дэмжлэг авах сонирхолтой байгааг илэрхийлж байна.
В.Зеленский Д.Трамптай 9-р сард уулзжээ.Тухайн үедээ, Украин-АНУ-ын стратегийн түншлэл, Ялалтын төлөвлөгөө, Украины эсрэг Оросын түрэмгийллийг зогсоох талаар дэлгэрэнгүй ярилцсан гэж мэдэгдэж байлаа.
Гэтэл В.Зеленский БНСУ-ын KBS телевизэд өгсөн ярилцлагадаа “АНУ-ын дараагийн ерөнхийлөгч” Украинд үзүүлэх дэмжлэгийг бэхжүүлж эсвэл сулруулж магадгүй” гэжээ. Тэгэхээр Д.Трампын хувьд Украиныг дэмжинэ гэдэг бүрхэг асуудал болж байна. Мөн Украины тал АНУ-ын дэмжлэгтэй энэ дайнд ялна хэмээн зүтгэсээр байгаа. Хэрэв АНУ-ын дэмжлэг суларвал, ОХУ-ын мэдэлд илүү том газар нутаг очих юм. Бодит байдал ийм л байна.
Энэ оны эхээр НАТО Украиныг байлдааны техникээр хангах, цэргийн боловсон хүчин сургах ажлыг зохион байгуулсан бөгөөд энэ ажлыг АНУ голлон удирдсан юм. Санхүүжилт нь Их долоогийн орнуудын 50 тэрбум долларын зээлийн багц байсан бөгөөд үүнээс 20 тэрбумыг Украинд төсөвлөжээ. Энэ мөнгө бол ОХУ-ын хилийн чандад битүүмжлэгдсэн хөрөнгө байв.









