



















Оскарын шагнал гардуулах ёслол яг л өчигдөрхөн болж "Оппенхаймер" кино олон баримлыг шүүрч, Билли Айлиш-ийн "Barbie" киноны дуу биднийг нулимс дуслуулахад хүргэж байсан ч гэсэн Холливудын хамгийн том үдэш дахиад л айсуй. Ердөө хэдхэн цагийн дараа тухайлбал Даваа гарагийн өглөө Улаанбаатарын цагаар 08:00 эхэлж 11:00 цагт дуусна.
Анх удаа Оскарын шагнал гардуулах ёслолыг хөтлөх Конон О’Брайен Лос Анжелест улаан хивсээ дэвсчихсэн, бид ч хөнгөн зуушаа бэлдээд эхэлчихсэн.
Тиймээс энэ том үдэш болохоос өмнө таны мэдэх ёстой бүх мэдээллийг хүргэж байна.
Нэр дэвшигчид
Энэ үдэш хамгийн олон төрөлд нэр дэвшсэн кино бол Netflix-ийн мансууруулах бодисын сэдэвтэй мюзикл "Эмилия Перес", нийт 13 номинацид нэр дэвшээд байна. Үүний араас "The Brutalist", "Wicked" хоёр тус бүр 10 номинацитай өрсөлдөж байгаа.
Гэхдээ "Эмилия Перес"-ийн хувьд нэр хүнд нь сүүлийн хэдэн долоо хоногт эрс унасан. Учир нь жүжигчин Карла Софиа Гасконы маргаан дагуулсан сошиал медиа постууд түүний түүхэнд үлдэх боломжтой байсан Оскарын кампанит ажлыг сүйтгэсэн гэж болох юм. Карла София Гаскон Испани гаралтай жүжигчин бөгөөд 2024 онд Жак Одиардын "Эмилия Перес" хэмээх хөгжимт, гэмт хэргийн сэдэвтэй кинонд гол дүрийг бүтээсэн. Энэхүү дүр нь түүнд Каннын кино наадмын шилдэг эмэгтэй жүжигчний шагналыг авчирсан бөгөөд тэрээр энэ шагналыг хүртсэн анхны ил тод трансжендер жүжигчин болсон юм.
Гэсэн хэдий ч, 2025 оны эхээр түүний өмнө жиргэж байсан, жиргээнүүд ахин ил гарч ирсэн нь маргаан дэгдээсэн. Эдгээр жиргээнүүдэд Исламын шашин, арьс өнгө, олон янз байдалтай холбоотой доромжилсон сэтгэгдлүүд байсан бөгөөд үүнд Исламын шашныг "Хүн төрөлхтний халдварын голомт" гэж нэрлэсэнээс гадна Оскарын шагналыг "Афро-Солонгосын наадам" гэж шүүмжилж, Жорж Флойдыг "Хар тамхинд донтсон луйварчин" гэсэн агуулгатай байсан юм.
Эдгээр илэрсэн жиргээнүүдээс болж Карла София Гаскон олон нийтийн өмнө уучлалт гуйж, өөрийн X (хуучнаар Twitter) хаягаа устгасан хэдий ч, Netflix түүнийг "Эмилия Перес" киноны сурталчилгааны үйл ажиллагаанаас хасаж, Испанийн "Dos Bigotes" хэвлэлийн газар түүний намтар романы дахин хэвлэлтийг цуцалсан байдаг.
Энэхүү маргаан нь түүний карьерт сөргөөр нөлөөлж, олон нийтийн дунд хүчтэй хэлэлцүүлэг өрнүүлсэн. Карла София Гаскон өөрийгөө "Цуцлах соёлын" хохирогч гэж тодорхойлсон боловч олон нийт түүний өмнөх мэдэгдлүүдийг шүүмжилсээр байгаа юм. Гэсэн ч хамтран тоглосон жүжигчин Зои Салдана "Шилдэг туслах эмэгтэй дүр"-ийн төрөлд ялах өндөр магадлалтай хэвээр байна.
"The Brutalist"-ийг найруулагч Брэйди Корбет бүтээсэн бөгөөд энэ кино нь Дэлхийн 2-р дайны дараа АНУ-д ирсэн Унгарын дүрвэгчдийн талаар өгүүлнэ. Энэ бүтээл "Алтан бөмбөрцөг"-ийн томоохон шагналуудыг авсан бөгөөд хиймэл оюун ухааны хэрэглээтэй холбоотой маргаанд өртөж байсан ч Корбет жүжигчдээ тууштай хамгаалсан юм.
"BAFTA" кино наадмаас дөрвөн шагнал хүртсэн "The Brutalist", тэр дундаа шилдэг найруулагч, шилдэг эрэгтэй дүрийн шагналыг авсан боловч "Ромын Папын тухай" сэдэвтэй "Conclave" кинонд "Шилдэг кино" төрөлд ялагдсан. "Conclave" киноны гол дүрийн жүжигчин "Оскар"-ыг соронзон мэт татдаг гэвэл энэ кино баримлыг гардах нь гарцаагүй юм.
Нөгөөтэйгүүр, "Wicked" кино олон нийтээс өндөр хандалт авч, бокс оффист амжилттай байсан ч шагналын уур амьсгалд тэр бүр давамгайлж чадахгүй байна. Гэсэн хэдий ч энэ бүтээл "Шилдэг кино" төрөлд нэр дэвшиж, жүжигчид Ариана Гранде, Синтия Эриво нар тус тусын төрөлд өрсөлдөж байгаа юм. Ялангуяа Эриво "Шилдэг эмэгтэй дүр"-ийн шагналыг авбал "EGOT" буюу Эмми, Грэмми, Оскар, Тони шагналын эзэн болж, энэхүү ховорхон цолыг хүртэх боломжтой.
Гэхдээ энэ төрөлд "The Substance" киноны жүжигчин Деми Мур улирал дамнасан хүчтэй өрсөлдөгч байсаар ирсэн тул өрсөлдөөн ширүүн байх нь тодорхой юм. Ерөнхийдөө энэ удаа Деми Мур л гардах болов уу!
Цаг хугацаа бүхнийг харуулна. Бүх нэр дэвшигчдэд амжилт хүсье!
Шагнал гардуулагчид болон үзүүлбэрүүд
Оскарын тайзнаа дараах хүмүүсийг хамтад нь харах боломж гарна:
Роберт Дауни Жр, Киллиан Мёрфи, Да’Вайн Жой Рэндольф, Эмма Стоун, Холли Берри, Пенелопе Круз, Эль Фаннинг, Вупи Голдберг, Скарлетт Йоханссон, Жон Литгоу, Эми Полер, Жюн Сквибб, Боуэн Янг, Стерлинг К. Браун, Виллем Дэфо, Ана де Армас, Лили-Роуз Депп, Селена Гомес, Голди Хоун, Харрисон Форд, Гал Гадот, Эндрю Гарфилд, Самюэл Л. Жэксон, Маргарет Куэлли, Рейчел Зеглер болон Опра Уинфри.
Мөн хэн тайзан дээр гарах вэ гэвэл? Синтия Эриво, Ариана Гранде нар дуулах бол, түүнчлэн Дожа Кэт, Blackpink хамтлагийн Лиса, Куин Латифа, Грэммид нэр дэвшсэн дуучин Рэй нар өөрсдийн тоглолтоо үзүүлэх төлөвтэй байна.
Хэрхэн үзэх вэ?
Өнгөрсөн жилээс эхлэн мөрдөгдөж буй цагийн хуваарийн дагуу энэ жилийн шагнал гардуулах ёслол оройн Улаанбаатрын цагаар өглөө 08:00 цагт эхлэх юм. Албан ёсны улаан хивсний нэвтрүүлэг үүнээс хагас цагийн өмнө гарах болно (хэрэв танд тийм зүйл таалагддаг бол шүү дээ).
Ёслол Холливудын Ovation Dolby театрт зохион байгуулагдах бөгөөд ABC сувгаар шууд дамжуулагдаж, Hulu платформ дээр мөн шууд дамжуулагдана.










