



















Пап лам Францисийн онош нь "Олон төрлийн бичил биетийн амьсгалын замын халдвар" гэж тодорхойлогдсон бөгөөд энэ нь вирус, нян, мөөгөнцөр болон шимэгч зэрэг янз бүрийн халдварын нэгдэл юм. Ватиканы төлөөлөгч Маттео Брунигийн мэдээлснээр, Пап ламын сүүлийн үеийн шинжилгээнүүд өвчний ноцтой байдлыг харуулсан тул эмчилгээний төлөвлөгөөнд дахин өөрчлөлт хийх шаардлагатай болсон байна.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байх хугацаандаа Францисын биеийн байдал тогтвортой байгаа бөгөөд Бруниги "Түүний бие хэвийн байгаа" гэжээ. Ватикан баасан гарагт Пап ламын эрүүл мэндийн талаарх шинэ мэдээллийг өгөхөөр төлөвлөж байна. Гэсэн хэдий ч шинэ мэдээллүүдээс дүгнэхэд Пап лам Францис айдастай байгаа бөгөөд нас барахаасаа өмнө бүх асуудлаа цэгцлэхээр чармайж байгаа аж. Пап лам өөрийгөө удахгүй нас барна гэж бодож байгаа бололтой.
"Politico" хэвлэл хоёр эх сурвалжийн мэдээлэл дээр үндэслэж дараах дүгнэлтийг хийжээ. 88 настай Пап лам "хүчтэй өвдөлт" мэдэрч байгаа бөгөөд энэ өвчнийг даван туулж чадахгүй гэдэгтээ итгэлтэй байгаа гэнэ. Эх сурвалжийн мэдээлснээр, тэр эмч нарын зааврын дагуу өөрийн тогтмол уншдаг “Angelus” залбиралд оролцохыг нь хориглосон нь түүнийг маш их бухимдуулсан байна. Мөн тэрээр Пап лам анх эмнэлэг явахыг эсэргүүцэж байсан боловч "Ватиканд үлдвэл амь насанд нь аюул учирна" гэсэн хатуу анхааруулга авсны дараа эмнэлэгт очихоор болжээ. Францис олон жилийн турш янз бүрийн эрүүл мэндийн асуудалтай тулгарч ирсэн бөгөөд үүнд амьсгалын замын давтагдмал халдвар, өвдөг болон суудлын мэдрэлийн өвчнөөс үүдэлтэй хөдөлгөөний хязгаарлалт багтдаг аж.
2021 онд тэрээр бүдүүн гэдсээ 33 см тайруулах мэс засал хийлгэж байсан бол 2023 онд гэдэсний сорвижилт, хэвлийн ивэрхийн улмаас дахин мэс засалд орж байжээ. Өмнө нь тэр уушгины хатгалгааны улмаас эмнэлэгт хэвтэж байсан ч тухайн үед эмнэлэгт гурван хоног болоод гарсан юм.
Ватикан ирэх долоо хоногийн бүх арга хэмжээгээ цуцлав Түүний эрүүл мэндийн байдал хүндэрсний улмаас Ватикан удахгүй болох арга хэмжээнүүдийг цуцлахаа мэдэгдсэн. Мягмар гарагт хийгдсэн мэдэгдэлд дурдсанаар, бямба гарагт болох байсан "Jubilee Audience" арга хэмжээг Пап ламын эмчилгээний улмаас цуцалсан байна.
Католик шашны нийгэмлэг болон дэлхий нийтийн ажиглагчид түүний эрүүл мэндийн байдал хэрхэн өөрчлөгдөх талаар санаа зовж байна. Гэсэн хэдий ч Ватиканы албаныхан Пап ламын эмчилгээний төлөвлөгөөний талаар нарийн мэдээлэл өгөхөөс зайлсхийсээр байгаа юм.











