



















Боловсролын яамнаас нийгмийн цахим сүлжээнд 16 хүртэлх насны хүүхдийн оролцоог зохицуулах судалгааг хийж эхэлжээ. Улмаар олон нийтийн сүлжээнд 16 хуртэлх насны хүүхэд орохыг хязгаарлах хуулийн төслийг боловсруулахаар бэлтгэж эхэлсэн гэж Боловсролын сайд П.Наранбаяр мэдэгдээд байна.
Австрали улс цахим орчинд, ялангуяа Facebook, Twitter, Snapchat, Tiktok зэрэг олон нийтийн сүлжээнд 16 хүртэлх насны хүүхэд орохыг хориглосон хуулийг 2024 оны арваннэгдугээр сарын 29-нд баталсан нь дэлхий нийтийн анхаарлыг татаад буй.
Австрали улсын баталсан энэхүү эрх зүйн зохицуулалт дээр үндэслэн Боловсролын яам энэхүү судалгаагаа эхлүүлж, эрх ашиг нь хөндөгдөж буй нийгмийн бүх бүлэгтэй ярилцахаар төлөвлөжээ. Ингэхдээ доороос нь дээш нь хэлэлцэх судалгааны арга ашиглана гэжээ.
Цахим орчин дахь хүүхдийн аюулгүй байдлын үндэсний суурь судалгааг өмнө нь 2020 онд хийж байжээ. Энэ үеэр хүүхдүүд цахим орчинд халдлагад өртдөг эсэхийг эцэг, эхчүүдээс асуухад 91 хувь нь үгүй гэх хариулт өгсөн байна. Гэтэл хүүхдүүдийн 87 хувь нь ямар нэг хэлбэрийн цахим халдлагад өртсөн гэж хариулсан байжээ.
Франц улсад 15-аас доош насныханд нийгмийн сүлжээнд нэвтрэхэд эцэг эхийн зөвшөөрөл шаарддаг. Мөн Норвеги улс 13 нас хүртэл нийгмийн сүлжээнд орохыг хориглодог байснаа 15 болгохоор ярилцаж эхэлсэн. ХБНГУ-д 13-16 насны хүүхэд нийгмийн сүлжээнд ороход эцэг эхийн зөвшөөрөл заавал авдаг. Харин Америк, Их Британи, Канад улсад 13 хүртэлх настай хүүхдээс мэдээлэл цуглуулахдаа эцэг, эхийн зөвшөөрөл авдаг байна.
Тиймээс манай улс ч багш, эцэг, эх хүүхдүүд цөм нийгмийн сүлжээнд ордог байдлыг өөрчлөх шаардлагатай гэж Засгийн газар үзжээ. Ингээд холбогдох төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтарч судалгааг эхлүүлжээ.











