



















Аргентинчууд 2013 онд Ромын Католик сүмийн тэргүүнээр томилогдож эх орноо орхисон Пап лам Францисыг эх нутагтаа айлчлахыг удаан хугацаанд хүлээж ирсэн. Гэвч тэрээр хос уушгины хатгалгаагаар өвчилж, эрүүл мэнд нь хэврэг болсон тул энэ айлчлал одоо улам бүр магадлал багатай болж байна. 88 настай Пап Францис уушгины халдвараас болж хүндхэн байгаа. Тэрээр Ромын Жемелли эмнэлэгт хоёр долоо хоног хэвтэн эмчлүүлж байгаа нь түүний пап ламын албан тушаал хашиж байх хугацаан дахь хамгийн урт эмнэлэгт байсан хугацаа бөгөөд эрүүл мэндийн байдал нь дордож буйг харуулж байна.
Пап Францис өнөөг хүртэл 45 гаруй улс руу айлчилсан бөгөөд Ирак, Арабын Нэгдсэн Эмират, Мьянмар, Хойд Македон, Бахрейн, Монгол зэрэг улсуудад айлчилсан анхны пап лам болсон. Гэвч тэрээр Буэнос-Айресын хамба байсан ч эх нутагтаа нэг ч удаа эргэж очоогүй байгаа.
"Түүний пап ламын алба хашсан он жилүүдийн нэгэн сонирхолтой зүйл бол өмнөх пап лам нараас ялгаатай нь Францис эх орондоо нэг ч удаа зочлоогүй явдал" гэж 2015 онд бичигдсэн "Францис: Амласандаа хүрдэг Пап" номын зохиогч Жимми Бернс хэлжээ.
Бернсийн үзэж байгаагаар, Пап Францис Аргентиний улс төрийн туйлширсан нөхцөл байдлын улмаас аль нэг талыг баримталж буй мэт харагдахаас зайлсхийсэн аж.
"Аль нэг улс төрийн бүлэглэл түүний айлчлалыг өөрсдийн ашиг сонирхолд нийцүүлэн ашиглахыг оролдох байсан тул тэрээр энэ хуваагдлыг гүнзгийрүүлэхийг хүсээгүй" гэж Бернс тайлбарлажээ.
Пап Францис 2013 онд Бразилд айлчилсны дараа Аргентинд ирэх болов уу гэсэн хүлээлт байсан. Мөн өнгөрсөн жил түүнийг эх орондоо айлчилж магадгүй гэх яриа гарсан ч энэ бүхэн хэрэгжээгүй.
Францисын Буэнос-Айрес дахь хамба лам байх үед нь хэвлэлийн төлөөлөгчөөр ажиллаж байсан Гильермо Марко "Энэ бол Аргентины хувьд алдсан боломж" гэж Ройтерст хэлжээ.
Тэрээр "Францис бол "танго сэтгэлтэй" хүн" хэмээн тодорхойлсон нь Буэнос-Айресын гудамжнуудаас үүсэлтэй хөгжимт бүжгийн урсгалыг адилтган хэлсэн хэрэг юм.
"Тэр зүгээр л энгийн байдлаар, хайртай хүмүүстэйгээ уулзаж, олон нийтийн өмнө хамтдаа мөргөл үйлдэхийг хүссэн байх. Гэвч түүнд тал засагчид, дайсагнагчдын өргөн сүлжээ байгаа гэдгийг тэр бүрэн ухамсарлаж байсан" гэж Марко хэлсэн байна.
Өнгөрсөн есдүгээр сард Пап Францис сэтгүүлчдэд "Би Аргентинд очихыг хүссэн. Тэд миний ард түмэн. Гэхдээ эхлээд тодорхой асуудлуудыг шийдвэрлэх хэрэгтэй байсан" гэжээ.
Аргентины хамба лам нарын зөвлөлийн хэвлэлийн төлөөлөгч Максимио Юрчинович "Сүм Пап ламын эрүүл мэндийн төлөө залбирч байгаа тул бусад асуудлаар тайлбар өгөхгүй" хэмээн мэдэгдсэн байна.
Марко нэгдүгээр сарын сүүлээр Францистай ярилцахад тэрээр маш ядарсан мэт сонсогдсон гэжээ.
"Тэр 88 настай, дээрээс нь өөрийн хариуцсан албаны санаа зовнил, завгүй амьдралын хэмнэлийг нэмбэл маш их ачаалалтай. Түүний сүнслэг хүч чадал нь биеийг нь хөдөлгөж байгаа ч бие нь 'Би чадахгүй нь' гэж хэлж байна. Одоо түүнд яг л ийм зүйл тохиолдож байгаа" гэж Марко онцолжээ.
"ХУВААГДСАН ШИВНЭЭ ХОР"
Латин Америкийн анхны пап ламын үеэр Аргентин олон удаагийн эдийн засгийн хямрал, улс төрийн тогтворгүй байдлыг даван туулсан. Одоогийн Ерөнхийлөгч Хавиер Милей эдийн засгийг тогтворжуулахыг оролдож буй ч хүндхэн хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлж байгаа.
Милей урьд нь Пап Францисыг "Чөтгөрийн төлөөлөгч" гэж нэрлэж байсан ч ерөнхийлөгч болсноосоо хойш харилцаагаа сайжруулахыг хичээж байгаа юм.
Зарим хүмүүс улс төрийн нөхцөл байдлаас үл хамааран Францис Аргентинд зочлох ёстой байсан гэж үзэж байна.
"Сүмийн дотоод хүрээнд ч санал зөрөлдөөнтэй. Зарим нь Пап лам айлчилбал улс төрийн хагарлыг бага ч болов намжаах байсан гэж үздэг" гэж Аргентины сэтгүүлч, "Иезуит" номын хамтран зохиогч Серхио Рубин хэлсэн байна.
2016-2019 онд Ватиканы элчин сайдаар ажиллаж, өмнө нь Берголиогийн шавь (Түүний шашны нэрийг Франциск гэдэг. Харин ээж ааваас өгсөн нэр Хорхе Берголио) байсан Рожелио Пфиртер Францисыг "Сүмийн хүртээмжийг нэмэгдүүлэх" асуудалд гол анхаарлаа хандуулсан гэж үзэж байна.
"Аргентин болон эх орон нь түүний оюун санаа, зүрх сэтгэлд онцгой байр суурь эзэлдэг гэдэгт би эргэлзэхгүй байна" гэж Пфиртер хэлжээ. Гэвч Пап ламын хамгийн том өв нь "Бүх хүн төрөлхтний төлөөх пап лам" байх явдал байсан гэж тэрээр онцолжээ.
"Папын өнцгөөс харвал, Номхон далайн орнууд, Африк, бусад Латин Америкийн орнуудад айлчлах нь илүү чухал байсан болов уу. Учир нь эдгээр бүс нутагт Католик сүмийн байр суурь тийм ч хүчтэй биш" гэж Пфиртер хэлсэн байна.
Аргентины олон итгэгчид одоо ч Францисыг эх оронд нь эргэн ирж, 1936 онд Буэнос-Айрест итали цагаачдын гэр бүлд төрсөн Хорхе Берголио байснаар нь санахыг хүсдэг.
"Пап лам одоо хүртэл ирээгүй байгаа нь надад үнэхээр гунигтай санагдаж байна" гэж Буэнос-Айрест Пап Францисын эрүүл мэндийн төлөө залбирах мөргөлд оролцсон Клаудиа Нудель хэлжээ.
70 настай Сильвиа Леда мөн уг мөргөлд оролцож, "Би түүнд эх орондоо ирээсэй гэж хүсэж байсан. Гэхдээ хамгийн чухал нь түүний дэлхий нийтэд хийж чадах зүйл юм" гэжээ.











