



















Ёс зүйгүй улс төрчид төрөөс хулгай хийх гэж л албан тушаалд мацдаг...
Улс төрчдийн ёс зүй ард түмний амьдралын чанарт нөлөөлдөг. Тиймдээ ч ёс зүй гэгч бичигдээгүй хуулийг тэднээс шаарддаг нь ийм учиртай. Хамтран амьдрах, оршин амьдрах газар гэх утгатай эртний Грекийн Ethos буюу ёс зүй гэх ойлголт нь хүн төрөлхтний хөгжлийн явцад сэтгэлгээний хэв маяг, хүн чанар, үнэт зүйл гэсэн агуулгатай болжээ.
Ёс зүйн шинжлэх ухаан нь улс үндэстэн бүрт ялгаатай ч Монголчуудын хувьд нийгэмд биеэ хэрхэн авч явах, юуг яаж хийх бичигдээгүй дүрэм, журам гэж ойлгогддог. Ёс зүйтэй, ёс суртахуунтай байна гэдэг нь бусдыг үл хорлох, аливлаад үл мэхлэх шударгыг эрхэмлэх явдал юм. Өвөг дээдэс маань буян хурааж, нүгэл хийхгүй амьдрахыг чухалчилдаг байсан нь ёс зүйтэй байхыг л сургаад байдаг байж.
Улс төрчдөөс өндөр ёс зүй шаардаж, ёс зүйгүй үйлдэл гаргасан бол албан тушаалаасаа бууж, хуулийн хариуцлага хүлээхийг залуу үе шаардаж байна. Гэвч ёс зүйгээ уландаа гишгэсэн манай улс төрчдийн нэр холбогдох авлига, хээл хахууль, албан тушаалын наймаа, эрх мэдлийн төлөөх тэмцэл хэрээс хэтэрсээр байна. Монголчууд бол загасны санах ойтой гэх үгээр өөрсдийнхөө гэнэн тэнэг байдлыг өөгшүүлмээргүй байна. Бид мартамхай гэхийн ардуур сохорсон биш завшив гэгчээр авлигач, ‘’хулгайч’’-дын ямба дэндэж, авлигын мөнгөөр хөлжигсөд кастын нийгэм тогтоож байна.
МАН-ын дунд шатны авлигачид....
Эмэгтэйчүүд авлигаас ангид, нийгмийн сайн сайхныг түүчээлэгч гэдгээр нь төр дэх эмэгтэйчүүдийн дуу хоолойг нэмэгдүүлэхээр чамгүй олон жил элдэв акц, лобби зохион байгуулж, үр дүнд нь төрийн бүхий л шатанд эмэгтэйчүүдийн эзлэх хувь нэмэгдсэн. Гэтэл сүүлийн үед эмэгтэйчүүдийн хутгалдсан авлигын хэргийн мэдээ чих дэлсэх боллоо. Ер нь ч тэгээд авлигад ‘’амташчихаад’’ байсан нь хуулийнханы хараанд өртөө биз.
Хамгийн сүүлд СБД-ийн засаг дарга Н.Одончимэг 55 сая төгрөгийн авлига авч байгаад үйлдэл дээрээ баригдаж 48 цаг саатуулагдаж байгаа. Эл хэрэг мөн л түүний холбогдсон анхны хэрэг биш. Одоогоос дөрвөн жилийн өмнө Худалдан авалтын дарга байхдаа 16 тэрбумын таван хувь буюу 800 сая төгрөгийн авлига авсан хэрэгт шалгагдаж байсан удаатай. Амташсан байгаа биз...
Гавьяаныхаа амралтыг эдлэхээс хэдхэн хоногийн өмнө авлига авч байхдаа үйлдэл дээрээ баригдсан хүн бол ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн.
Түүнийг бусдаас авлига авсан, үндэслэлгүй хөрөнгөжсөн, төсвийн мөнгийг зориулалт бусаар зарцуулсан, даатгалын сангийн мөнгийг хууль бусаар олгосон гэх хэд хэдэн үндэслэлээр Эрүүл мэндийн сайдын шуурхай хурлын үеэр баривчилсан. МАН-ын улс төрийн удирдах албан тушаалд хүртлээ мацсан Л.Бямбасүрэн нь Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга байхаасаа авлигаар хөрөнгөжсөн гэгддэг. Газар, хэлтсийнхээ дарга нарыг дарамталдаг, гадаад томилолтод явуулсаныхаа төлөө шан харамж нэхдэг гээд түүнд хаяглах нэр хоч мундахгүй. Тэгээд ч чихнээс чих дэлсэх, олон нийтэд ил болсон мэдээллүүд нь энэ болохоос нүднээс далд юу эс өрнөдөгийн хэн мэдэх вэ?
Сангийн мөнгө ‘’завшсан’’ Б.Ундармаагийн өрийг ард түмэн барагдуулах ёстой юу?...
Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан Капитал банкнаас нийгмийн даатгалын сангийн мөнгөө авахын тулд гадаад улс орны өмгөөллийн фирм авч ажиллуулах хэрэгтэй байна. УИХ-ын гишүүд минь энэ тал дээр дэмжлэг үзүүлээрэй гэж учирлаж байх. Капитал банкинд алдсан нийгмийн даатгалын сангийн мөнгөнөөс нэг ч төгрөг авч чадаагүй байгаа. УИХ-ын гишүүн асан, Капитал банкны Б.Ундармаа. УИХ-ын гишүүн болмогцоо мэдээлэлд ойроо ашиглаж, хувийн ашиг сонирхолоор өөрийн хамаарал бүхий ‘’Доктор Мэйж’’ компанидаа ЖДҮХС-аас 800 сая төгрөг авчихсан. Хууль бус гэдгийг нь шүүх тогтоогоод ердөө 2.6 жилийн ял оноосон ч давж заалдаад 40 саяар торгуулаад суллагдчихсан. Ард түмний боломжийг хулгайлсан Б.Ундармаагийн хэрэг үүгээр зогсохгүй. 1200 орчим иргэний 260 гаруй тэрбум төгрөгийн хадгаламж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын сангийн 340 тэрбум төгрөгийг ‘’ЗАЛГИЧИХСАН’’. Капитал банкинд нийгмийн даатгалын сангийн 104.2 тэрбум төгрөг, эрүүл мэндийн даатгалын сангийн 136.1 тэрбум төгрөгийг байршуулсан байдаг.
Эрүүл мэнд, нийгмийн даатгалын сангийн мөнгө гэдэг бол төрийн мөнгө биш. Энэ бол иргэдийн хөдөлмөрлөсөн хөлсний дусал бүрээр бүрдсэн мөнгө.
Гэтэл НДЕГ-ын ашиг хонжоо хайсан тухайн үеийн удирдлагууд ахиухан хүү амлахаар нь Капитал банкинд сангийн мөнгийг байршуулж, эцэст нь алдчихсан. Үүний цаана зохион байгуулалттай гэмт хэрэг ч байж мэднэ. Улс түүнд алдсан мөнгөө авъя гэхээр бэлэн мөнгө авъя гэвэл 100 жил ч багадна гэж ‘’даапаалж’’ байсан. Юутай ч эрүүл мэндийн даатгалын сангийн нэхэмжилсэн өр төлбөрт бэлнээр 8.4 тэрбум төгрөгийн мөнгөн хөрөнгө, 47.2 тэрбум төгрөгийн хөрөнгө хүлээн авч, нийт 55.6 тэрбум төгрөгийн өр төлбөр барагдуулсан. Болоо ч үгүй хүлээж авсан үл хөдлөхүүд нь тухайн үед шүүх дээр маргаантай учраас дуудлага худалдаанд оруулж чадахгүй таг гацчихсан яваа. Одоо Капитал банкнаас 80.5 тэрбум төгрөгөө авч чадаагүй байна. Б.Ундармаа үүнийг хэзээ барагдуулж дуусах вэ? Хүлээсээр мартах уу? эсвэл элдэв татварын дарамтаар, аль эсвэл НДШ-ийг дахин нэмэгдүүлж сангийн мөнгөө ард түмнээ ‘’мөлжих’’ замаар нөхөх үү?









