Түүхий нүүрсийг хэрэглээнээс халж, сайжруулсан шахмал түлш нэвтрүүлээд зургаа дахь жилийнхээ өвлийг үзлээ. Сахил хүртээд сайжрахаас илүү шал дордсон гэж хэлж болно. Сүүлийн 15 жил утаатай зууралдаад асуудлыг шийдэж үл чадсан. Арга ч үгүй биз. Яндангаа буулгая биш, сольё гэж ярьдаг хүмүүс биднийг удирдаж байхад нийслэлчүүд хэзээ ч нар үзэж, тунгалаг агаараар амьсгалахгүй нь. Амтай бүхэн утаа ярих ч шийдэл алга. Нэг л их дарга нарыг цуглуулаад камерын өмнө загнадаг аргатай, утаагаар далимдуулж улс төр хийж талцсан эрх баригч намын удирдлагууд өөрсдөө улстөрийн утаандаа угаартах вий.
Утаа, угаар,түлш,ханиад гээд өвлийн турш ярьдаг хэдхэн сэдэвтэй. Өөр юуны ч тухай биш... Одоо ч мөн адил ярьсаар, хуралдсаар, шалгасаар л...
НИТХ-ын дарга А.Баяр шахмал түлшний үйлдвэрлэлд хяналт тавих ажлын хэсэг байгуулж, төлөөлөгч Л.Хосбаяраар ахлуулж буй. Энэ ажлын хэсэг шахмал түлшний үйлдвэрлэл, үйл ажиллагаа, стандарт, Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоол, холбогдох журмуудын хэрэгжилтэд хяналт тавьж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал дүгнэлт боловсруулж НИТХ-д танилцуулах юм. Л.Хосбаяраар ахлуулсан ажлын хэсэг 15 хүний бүрэлдэхүүнтэй. Ажвал Үйлдвэрлэлийн процес, технологийн алдааг олоод харчих мэргэжилтэй хүн энэ багт хэд байгаа бол гэмээр. Үнэхээр "Тавантолгой түлш" компанийн технологийн алдааг олоод харчих нүдтэй, химийн 108 элементийн тухай мэдлэгтэй, компанийн мэргэжилтнүүдийн өөдөөс амаа таглуулчихгүй соргог байж чадаж гэмээнэ алга ташихад оройтохгүй. Гэхдээ зүгээр л ашиг сонирхолын цэг дээр нэгдсэн дарга нарын гар хөл бологсод гэж харагдахаар. Хүн ер нь чаддаг, мэддэг юмаа хийх шиг бахдалтай юм байхгүй. Мэддэггүйнхээ боол болж ам таглуулах ичгэвтэр.
"Тавантолгой түлш" ХХК-ийн менежментийг нийслэлд шилжүүлж, удирдлагыг нь мөн томилсон. Одоо хот өөрөө өөрийгөө шалгах юм гэнэ.
Шахмал түлшний үйлдвэрлэлд хяналт тавих ажлын хэсэгт багтсан З.Төмөртөмөө УИХ-ын дарга асан Г.Занданшатарын татаасаар дээш яваа. Б.Сэргэлэнбаатар, Ж.Сандагсүрэн нар хотын мээр асан Д.Сумъяабазарын хүмүүс. Л.Хосбаяр, Б.Мөнхбаатар нар Х.Нямбаатарын халаасных. Ж.Энхжаргалан бол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийнх гээд угшлаар нь хөөвөл ашиг сонирхол нэгтэй хүмүүс. НИТХ-ын шинэ төлөөлөгч Г.Батбаяр УИХ-ын гишүүн Э.Батшугарынх, Э.Хулан М.Энхболдын охин, Б.Ану-Үжин бол ЗГХЭГ-ын дарга Н.Учралын хүн гэж харвал Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёрын шахмал түлшний ардах улстөрийн зодоон ч үргэлжилнэ. Эцэстээ "Тавантолгой түлш" ХХК-д технологийн ямар ч алдаа гараагүй гэх дүгнэлт гаргах нь тодорхой. Учир нь хяналтын хороонд багтсан төлөлөөлөгч нарын дийлэнх нь хотын дарга Х.Нямбаатарын хүмүүс. Менежментийг нь авсан компанийнхаа алдааг олж илрүүлээд олон нийтэд танилцуулна гэдэгт итгэх хүн бий юу. Эцэстээ утааны буруутан нь гэр хорооллын иргэд... Галлагаагаа буруу хийж байна, элдэв төрлийн хаймар, тослох материал шатааж байна, 28 мянган яндан шинээр нэмэгдсэн гээд түмэн шалтаг тоочиж буруутан болгоод дуусгана. Одоо ч иргэдийг буруутгасан хэвээрээ. Замын хөдөлгөөнд оролцож буй нүүрсэн яндангүй приус машинууд утааны эх үүсвэр тул журамлана гэнэ. 30 жил төр барилцсан улс төрийн хоёр хүчин утаанд ямар ч буруугүй, иргэд л буруутай гэх...
Улаанбаатарыг уулын орой дээр гараад харвал... Юу ч харагдахгүй... Нийслэлчүүд үхлийн хөндийд амьдарцгааж байна.
Улс орнууд утаанаасаа хэдийнэ салж хиймэл оюун ухаанаараа өрсөлдөж байхад Монгол Улс ашиг сонирхлын хайчнаасаа гарч чадахгүй хэдэн улс төрчдийн балгаар амьсгалах агааргүй бачуурцгааж байна. Өвөл дуусна, утаа арилна, мартана, дахиад өвөл болно....