



















БНХАУ-ын 1500 жилийн түүхтэй алдарт Шаолинь сүмийн хамба лам Ши Ёншин авлига, “ёс бус харилцаа”, гэр бүлээс гадуурх хүүхэдтэй холбоотой хэргээр эрүүгийн хэрэгт шалгагдаж байна гэж шашны байгууллагууд мэдэгдлээ.

Өдгөө 59 настай Ши Ёншин урьд нь БНХАУ-ын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын гишүүнээр ажиллаж байсан. Тэрбээр “Төслийн хөрөнгө болон сүмийн хөрөнгийг завшсан, шамшигдуулсан гэх үндэслэлтэйгээр олон байгууллагын хамтарсан мөрдөн шалгалт явуулж байна” гэж Шаолинь сүм ням гарагт өөрийн нийгмийн сүлжээгээрээ дамжуулан мэдэгдлээ.
Түүнтэй холбоотой тайлбар авахаар оролдсон ч Reuters агентлагийн дуудлагад Шаолинь сүм хариу өгөөгүй байна.
“Гүйцэтгэх захирал лам” хэмээх хочтой хамба лам Ши олон жилийн турш сүмийн алдар хүндийг ашиглан бизнесийн үйл ажиллагаа явуулсаар ирсэн. Түүний үед Хэнань мужид байрлах, кунфугийн өлгий гэгддэг Шаолинь сүм олон улсын кинонд алдаршиж, худалдаа, үйлчилгээний төв болон хувирсан билээ.
Сүмийн мэдэгдэлд тэмдэглэснээр, Ши нь “Буддын сахил санваарыг ноцтой зөрчиж, олон эмэгтэйтэй урт хугацааны турш ёс бус харилцаа тогтоож, гэр бүлээс гадуур хүүхэдтэй болсон” гэжээ.

Хятадын Буддын шашны холбоо даваа гарагт гаргасан мэдэгдэлдээ Ши Ёншиний санваарыг хүчингүй болгохыг дэмжиж буйгаа илэрхийлээд, “Түүний үйлдэл нь буруу бөгөөд Буддын шашны нэр хүндэд ноцтой хохирол учруулж, лам хуврагуудын дүр төрхийг гутаасан” гэж онцолсон байна.
2015 онд интернэтэд нэргүй захидал тарж, Шиг ёс бус зан авир, бэлгийн харилцааны асуудалд буруутгасан ч тухайн үед сүм уг мэдэгдлийг үгүйсгэж байжээ.
Өмнө нь Лю Инчэн нэртэй байсан Ши 1981 онд лам болсон. Тэрээр 1987 оноос сүмийн удирдлагад орж, 1999 оноос албан ёсоор хамба лам болсон.
2008 онд Шаолинь сүм өөрийн цахим дэлгүүрээ нээж, гутал, цай, цамц, 9999 юань (~1395 ам.доллар)-ын үнэтэй кунфугийн гарын авлага зэрэг бүтээгдэхүүн худалдаалж байв.

Сүм бизнесийн хүрээнд ном хэвлэх, эмийн үйлдвэрлэл, кунфугийн тоглолт, кино продакшн, хөрөнгө оруулалтын менежмент, үл хөдлөх хөрөнгийн салбарт үйл ажиллагаа явуулж байжээ.
Ши өөрийн Вэйбү (Weibo) хаягаар өдөр бүр нийтлэл оруулдаг байсан ба 882,000 гаруй дагагчтай байв.
Тэрбээр 2018 он хүртэл Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын гишүүн байсан бөгөөд Хятадын Буддын холбооны дэд тэргүүнээр ч ажиллаж байсан юм.
($1 = 7.1685 юань)










