



















БНХАУ-ын Коммунист Намын (ХКН) Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга, Төв Цэргийн комиссын дарга Ши Жиньпин лхагва гарагт Шизангийн өөртөө засах орны нийслэл Лхаст хүрэлцэн ирж, пүрэв гарагт болох бүс нутгийн 60 жилийн ойг тэмдэглэх их наадамд оролцохоор ирэхдээ ард олон руу даллан мэндчилж буй нь.
Зургийг Синьхуа агентлаг.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин Шизангийн (Төвд) өөртөө засах оронд улс төрийн тогтвортой байдал, нийгмийн зохицол, үндэстний эв нэгдэл, шашин хоорондын найрслыг тэргүүнд тавихын чухлыг онцоллоо. Энэ нь бүс нутгийн 60 жилийн ойг тэмдэглэх их наадмын өмнөхөн байв.
Лхагва гарагт Ши Жиньпин Лхаст хүрэлцэн ирэхдээ Төв Хорооны төв төлөөлөгчдийн хамт тэмдэглэлт үйл ажиллагаанд оролцох юм. Түүнийг ирэх үеэр баярын хөгжимтэй бүжиглэн угтах олон нийт нисэх буудалд цугларч, хотын гудамжинд хүмүүс жагсан угтан мэндчилсэн байна.
ХКН болон улсын түүхэнд анх удаа намын ерөнхий нарийн бичгийн дарга, улсын дарга, Төв Цэргийн комиссын даргын хувиар Ши Жиньпин Шизангийн 60 жилийн ойд биечлэн ирсэн нь энэ байлаа.
Ши Жиньпин өмнө нь мөн эдгээр албан тушаалтны хувиар 2021 онд бүс нутгийн "Энхийн чөлөөлөлтийн" 70 жилийн ойгоор Шизанд айлчилж байсан нь мөн түүхэнд анхных нь тохиолдол байв. Энэ нь ХКН болон Ши Жиньпиний Шизангийн ойд өгч буй өндөр ач холбогдол, бүс нутгийн албан хаагч, олон үндэстний ард иргэдэд үзүүлж буй халамжийн илэрхийлэл хэмээн үзэж байна.
Лхаст хүрэлцэн ирснийхээ дараа Ши орон нутгийн удирдлагуудтай уулзахдаа Шизангийн гол дөрвөн зорилтыг онцоллоо. Үүнд:
Тогтвортой байдлыг хангах,
Хөгжил дэвшлийг түргэтгэх,
Экологийн орчныг хамгаалах,
Хил хязгаарыг бэхжүүлэх.
Шизангийг нэгдмэл, хөгжин цэцэглэсэн, соёлжсон, зохицсон, үзэсгэлэнт шинэ социалист орон болгон хөгжүүлэхийн төлөө чармайх ёстой гэж тэр хэлэв.
Тэрээр өнгөрсөн 60 жилийн хугацаанд Шизангийн эдийн засаг, нийгмийн хөгжилд гарсан амжилтуудыг өндрөөр үнэлж, ХКН-ын Төв Хорооны нэрийн өмнөөс Шизангийн бүх үндэстний ард түмэнд чин сэтгэлийн мэндчилгээ, баярын сайн сайхны ерөөлийг илэрхийлэв.

Ши дарга болон төв төлөөлөгчдийг Лхаст олон түмэн гудамжинд жагсан, баярлан цэнгэж, дуу хууртай угтав. Зургийг Синьхуа агентлаг.
Шизангийг үндэстнүүдийн эв нэгдэл, хамтын хөгжил дэвшлийн үлгэр жишээ бүс нутаг болгохын тулд Ши Жиньпин нийтлэг үндэсний хэл, бичгийг түгээх, үндэстнүүдийн харилцаа, солилцоо, нягтрал уялдааг бэхжүүлэх, Шизан болон бусад бүс нутгийн хооронд эдийн засаг, соёл, хүний нөөцийн хоёр талын урсгалыг дэмжих шаардлагатайг онцлов.
Мөн тэрээр Төвдийн Буддын шашныг социалист нийгэмд зохицуулах үйл явцыг урагшлуулах, шашны асуудлыг хууль журмын дагуу шийдвэрлэхийг сануулав.
"Дэлхийн дээвэр" хэмээх Цинхай-Төвдийн өндөрлөгт орших Шизанг нь дунджаар 4000 метрээс дээш өндөрлөгт байрладаг.
Ши бүс нутгийн өндөрлөгийн онцлог давуу талыг ашиглан хөдөө аж ахуй, мал аж ахуй, цэвэр эрчим хүчийг хөгжүүлэхийн зэрэгцээ нөөц баялагийн боловсруулах үйлдвэрлэлийг тогтвортой ахиулж, соёл, аялал жуулчлалыг уялдуулан хөгжүүлэхийг уриаллаа.
Ярлүн Цангпо мөрний доод урсгал дахь усан цахилгаан станц, Сычуань-Шизангийн төмөр зам зэрэг томоохон төслүүдийг эрчимтэй, эмх цэгцтэй хэрэгжүүлэх шаардлагатайг тэр дурдав.
“Дэлхийн дээвэр”, “Ази тивийн усны цамхаг”-ийг хамгаалахын тулд нүүрстөрөгчийн ялгаруулалтыг бууруулах, бохирдлыг цөөлөх, ногоон хөгжлийг өргөжүүлэх, эдийн засгийн өсөлтийг урагшлуулахтай зэрэгцэн экологийн хамгаалалтыг эрчимжүүлэхийг тэрээр шаардлаа.
Сүүлийн зургаан арван жилд Шизан амь зуулгаасаа хангалуун амьдралд, улмаар чинээлэг шинэ амьдралд хүрчээ. Хотын иргэдийн нэг хүнд ногдох зарцуулж болох орлого 122 дахин, хөдөөгийнх 200 дахин өссөн байна.
Иргэдийн сэтгэл ханамж, аз жаргал, аюулгүй байдлыг дээшлүүлэхийн тулд ядуурлыг бууруулсан ололтыг бататгах, хөдөлмөр эрхлэлт, боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, өндөр настны асрамж, хүүхдийн асаргаа зэрэг ард иргэдийн амьжиргааны хэрэгцээг жинхэнэ ёсоор хангах ёстой гэж Ши Жиньпин тэмдэглэв.
Мөн энэ оны 1-р сард 6.8 баллын хүчтэй газар хөдлөлт болсон Динри хошуунд гамшгийн дараах сэргээн босголтыг үргэлжлүүлэхийг тэрээр сануулсан юм.
Шизангийн хөгжлийн үндэс нь намын удирдлага гэдгийг онцолж, бүх үндэстний албан хаагчид, ард иргэд Намын удирдлагыг дагаж, нам дотор шударга, эрүүл улс төрийн уур амьсгалыг бүрдүүлэх шаардлагатайг Ши тэмдэглэв.
Лхаст Ши бүх үндэстэн, бүх давхаргын төлөөлөлтэй уулзаж, Шизангийн орчин үеийн хөгжлийн шинэ хуудсыг хамтдаа бүтээхийн төлөө нэгдэн чармайхыг уриалав.
Тэрээр мөн бусад бүс нутгаас Шизанд ажиллаж ирсэн кадрууд, орон нутгийн шат шатны албан хаагчид, шүүхийн ажилтнууд, цагдаа нар, шашны хүрээний эх оронч гишүүдтэй тус тусад нь уулзав.

Мөн цэргийн хурандаагаас дээш тушаалын офицерууд, баатарлаг иргэдийн төлөөлөл, Лхаст байрлаж буй цэргийн анги нэгтгэлийн энгийн ажилтан, цэргүүдтэй уулзаж, ХКН-ын Төв Хороо, Төв Цэргийн комиссын нэрийн өмнөөс Шизанд байрлаж буй бүх цэрэгт мэндчилгээ дэвшүүлэв.
Орой нь Ши Жиньпин орон нутгийн бүх үндэстний удирдлага, ард иргэдийн хамтаар Шизангийн өөртөө засах орны 60 жилийн ойг тэмдэглэн тоглогдсон урлагийн тоглолтыг үзэж сонирхжээ.











