



















УИХ-ын гишүүн асан Б.Энх-Амгалан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд нарт холбогдох эрүүгийн хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх хуралдаан гурван өдөр тасралтгүй хэлэлцэж, шүүх шийдвэрээ гаргалаа.
Дөнгөж сая, шүүх шийдвэрээ танилцуулсан юм. Ингэхдээ шүүгдэгч З.Энхболдод холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн 34.19-р зүйлийн 1.1 дэх заалтад заасан үндэслэлээр гэмт хэргийн шинжгүй тул хэрэгсэхгүй болгож цагаатган шийдвэрлэлээ.
Харин шүүгдэгч Б.Энх-Амгаланд холбогдуулсан хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.3-т заасан улс төрийн албан тушаалтан бүрэн эрх, албан тушаалын байдлаа ашигласан нь үндэслэлтэй гэж үзэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.3-т "....Гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой компани, улсын үйлдвэрийн газрын удирдах, эрх бүхий албан тушаалтан үйлдсэн бол нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар хасаж таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэж заажээ.
Тэднийг өмнө нь“Улс төрд нөлөө бүхий этгээд албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдэхэд хамтран оролцсон гэх гэм буруутайд тооцож 2024 оны гуравдугаар сард З.Энхболд, Б.Энх-Амгалан нарын нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, 40 сая төгрөгөөр торгох ялаар шийтгээд байсан.
Улмаар Б.Энх-Амгалан, З.Энхболд нар гомдол гаргаснаар холбогдох эрүүгийн хэргийг өнгөрсөн есдүгээр сарын 24-нд Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хянан хэлэлцэж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэж, хэргийг ийнхүү дахин хэлэлцэн шийдвэрлэлээ.









