



















Хүн төрөлхтний тайлж чадаагүй хамгийн том нууцын нэг бол Стоунхенж. Өнгөрсөн 8-р сард Стоунхенжийг судалсан эрдэмтэд дараах тайллыг хийгээд байна. Эрдэмтэд Стоунхенжийн гол цөмд орших тахилын ширээний чулууг одоогоос 5 мянган жилийн өмнө Шотландын зүүн хойд хэсгээс Английн өмнөд хэсэгт зөөвөрлөсөн гэх нотолгоог гаргажээ.
Уг судалгаануудаас үндэслэн Стоунхенжийг Европоос Британид ирсэн неолитын үеийн хүмүүс эртний соёл иргэншлүүдийг нэгтгэх зорилгоор МЭӨ 2620-2480 оны үед сэргээн босгосон байж болзошгүй хэмээн Археологи Интернэшнл сэтгүүлд нийтлэгдсэн өгүүлэлд дурджээ.
Тодруулбал, МЭӨ 2500 оны үед Европоос тэр дундаа одоогийн Герман, Нидерландын нутгаас Их Британид ирж суурьшсан хүмүүс Стоунхенжийг босгосон байх магадлалтай байна. Үүгээр Стоунхенж нь шилжилт хөдөлгөөнтэй дурсгал байх магадлал өндөр юм. Өөрөөр хэлбэл Неолитын үеийн хүмүүс 6 тонн жинтэй чулуунуудыг 700 орчим км чирж ирснээр соёл иргэншлүүдээ хоорондоо нэгтгэсэн байх магадлалтай болж байна.
Энэхүү судалгааны үр дүн нь Стоунхенжийн судалгааны түүхэнд шинэ гэрэл тусгалаа. Харь гараг болон элдэв хоосон таамаглалыг үгүйсгэх шинэ нээлт болж байна хэмээн Их Британийн Абериствейтийн их сургуулийн археологийн тэнхимийн профессор Дункан Гарроу хэлсэн юм.
Стоунхенжийг анх 17-р зуунаас эхлэн малтлага хийн судалж эхэлсэн байдаг. Стоунхэнжид хамгийн эхэнд тавигдсан гэх хоёр төрлийн чулуу бий. Нарийн ширхэгтэй элсэн чулууны төрөл болох аварга том хөх хадан чулуу нь Стоунхенжийн анхны чулуу бөгөөд баруун Уэльсийн Пресели толгодоос буюу 225 км газар чирч авчирсан байна. Харин сарсен гэгдэх цахиуржсан чулууг 25 км зайнаас буюу Марлборогийн ойролцоох Баруун Вудсаас авчирсан гэж тогтоожээ.









