



















МАН-ын 2024-2028 оны мөрийн хөтөлбөр: эс эд эрхтэн шилжүүлэн суулгах төв барина
Арай гэж хөдөлсөн эрхтэн шилжүүлэх төвийн барилгын бүтээн байгуулалтын ажил эхэлмэгцээ зогслоо. Шалтгаан нь өвөл. Ирэх хавар дулаан ормогц барилгын ажлыг үргэлжлүүлнэ гээд суурийг нь бүрэн цутгаагүй орхисон нь энэ. Энэ байдлаараа арван жил ярьсан, гацсан эрхтэн шилжүүлэн суулгах төв 2026 онд ашиглалтад орно гэхээр итгэл бүдгэрсээр... Улсын нэгдсэн төв эмнэлгийн ашиглах боломжгүй актлагдсан зүүн байрны арын хэсгийг нурааж мөн авто зогсоолын газар дээр эрхтэн шилжүүлэн суулгах төвийг барихаар төлөвлөсөн. ТЭЗҮ ч батлагдсан. Гэхдээ газрыг нь бүрэн чөлөөлөөгүй байгаа. Шалтгааныг нь хэлээд өгчих хүн Эрүүл мэндийн яаманд лав алга. Нийт 140 тэрбум төгрөгийн төсөвтэй эрхтэн шилжүүлэн суулгах төвийн төсөвт өртгөөс 40 тэрбум төгрөгийг нь энэ жил олгосон. Энэ мөнгөөр суурийг нь ч гүйцэт цутгалгүй хэдэн шороо овоолж хаяад бүтээн байгуулалтын удирал дуусав. 140 тэрбум төгрөгийн өртөгтэй эрхтэн шилжүүлэн суулгах төв найман давхар, 120 ортой, 15 мэс заслын өрөөтэй, дүрс оношилгооны төв байх юм.
Гадаадад эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал 300 саяас 450 сая орчим төгрөгийн өртөгтэй. Өнгөрсөн онд л гэхэд энэ чиглэлээр 203 сая ам.долларыг хилийн чанадад эмчилгээ үйлчилгээ авахад зарцуулж. Хэрвээ уг төв ашиглалтад орвол иргэнийхээ амь насыг аврах, хүртээмжийг нь нэмэгдүүлэх, иргэдэд учирдаг санхүүгийн дарамт багасна гээд чухал ач холбогдолтой. Зөвхөн элэг, бөөр шилжүүлэх заалттай 600 гаруй хүн жагсаалтад хүлээгдэж буй. Дотооддоо элэг, бөөр, ясны чөмөг, үе шилжүүлэн суулгах хагалгаа хийдэг ч дараалалд нь орж амжихгүй хүмүүс гадаад руу явах, мөнгөгүй нэгэн нь хүлээлгээ дийлэхгүй нас барах ийм л хоёр сонголтод Монгол хүний амь дэнслэгдэж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хэлсэнчлэн Монгол хүн эрүүл байх нь төрийн эрхэм зорилго юм бол улс төрийн хайчинд арван жил гацсан эрхтэн шилжүүлэх төвийг хугацаандаа ашиглалтад орохыг хүлээхээс өөр сонголт алга.
Эрхтэн шилжүүлэн суулгах төвтэй болсоноор дээр дурдсан мэс заслаас гадна уушги, зүрх, нойр булчирхайг шилжүүлэн суулгана.









