2025 оны нэгдүгээр сараас хэрэгжих хуулиудын ихэнх нь тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэхэд чиглэжээ.
АХМАД НАСТАНЫ ТЭТГЭВЭР ЗУРГААН ХУВИАР НЭМЭГДЭНЭ
Ахмад настнуудын тэтгэвэр зургаан хувиар нэмэгдэж, мөн тухайн хүн өөрөө хүсвэл үргэлжлүүлэн ажиллах, тэтгэврийг нь өөрийнх нь зөвшөөрөлгүй авч хэрэглэвэл шийтгүүлэх хуулиуд үйлчилж эхэлнэ. Ахмад настнуудын тэтгэврийг инфляцтай уялдуулан өсгөх хуулийн заалт үйлчилж, 2025 оны нэгдүгээр сарын нэгнээс эхлэн тэтгэвэр 6 хувиар өснө. Та сард нэг сая төгрөгийн тэтгэвэр авдаг бол энэ мөнгө сая 60 мянган төгрөг болж нэмэгдэнэ.
АХМАД НАСТНУУДЫГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ХӨДӨЛМӨР ЭРХЛҮҮЛНЭ
Ахмад настны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, 2025 оны нэгдүгээр сараас ахмад настны тогтвортой орлогын эх үүсвэрийг хангах зорилгоор ахмад настнуудыг үргэлжлүүлэн хөдөлмөр эрхлүүлэхийг дэмжихээр болсон. 50 ба түүнээс дээш ажилтантай байгууллага нийт орон тооныхоо хоёр хувьд нь ахмад настныг ажилд авах хуулийн заалт үйлчилж эхэлнэ.
ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭ 792 МЯНГАН ТӨГРӨГ БОЛНО
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792 мянган төгрөг болж нэмэгдэнэ. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1995 оноос хойш жил бүр нэмэгдүүлж ирсэн. Тухайлбал, 2011 оноос хойш найман удаа нэмэгдэж 5.6 дахин өсч одоогийн байдлаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660 мянган төгрөг байна. Тэгвэл ирэх 2025 оны дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн цагт 4715 төгрөг буюу сард 792 мянган төгрөг байх тогтоол гарчээ.
''ЭХИЙН АЛДАР ОДОН''-ИЙН МӨНГӨ ХОЁР ДАХИН НЭМЭГДЭНЭ
“Эхийн алдар” одонгийн мөнгөн тэтгэмж хоёр дахин нэмэгдэнэ. "Эхийн алдар" нэгдүгээр зэргийн одонтой эхэд жилд нэг удаа 200 мянган төгрөг авдаг байсан бол 400 мянган төгрөг, хоёрдугаар зэргийн одонтой эхэд 100 мянган төгрөг олгодог байсныг 200 мянган төгрөг болгон өсгөжээ.
ЗЭВСЭГТ ХҮЧИН, ХИЛИЙН ЦЭРГИЙН ОНЦГОЙ НӨХЦӨЛИЙН НЭМЭГДЛИЙГ 10-25 ХУВИАР НЭМЭГДҮҮЛНЭ
Зэвсэгт хүчин, хилийн цэргийн онцгой нөхцөлийн нэмэгдлийг 10-25 хувиар нэмэгдүүлсэн. Зэвсэгт хүчин, Хилийн цэргийн офицер, ахлагч 10 хувь, дотоодын цэргийн офицер, ахлагч 15-25 хувь, ШШГБ, Хорих байгууллага- албан хаагчид 10-25 хувийн албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдлийг тухайн алба хаагчийн албан тушаалын үндсэн цалингийн 25 хувиар тооцож, сар бүр олгох тогтоол 2025 оны нэгдүгээр сарын 1-ээс хэрэгжинэ.
МАЛЧИНД САНХҮҮГИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭГ САЙЖРУУЛНА
Малчинд санхүүгийн үйлчилгээ үзүүлэх хууль үйлчилж эхэлнэ.Арилжааны банк малчинд зориулсан нэн хөнгөлөлттэй, хөнгөлөлттэй зээлийн болон даатгалын бүтээгдэхүүн үйлчилгээний шинэ нэр төрлийг нэмэгдүүлж, малчин үйлдвэрлэлдээ чанарын өөрчлөлт гаргах, байгальд ээлтэй, тогтвортой үйл ажиллагаа эрхлэхэд дэмжлэг үзүүлэх заалтыг тусгаж өгчээ. Ингэснээр малчид,
Өвөлжөө, хаваржааны хашаа, саравч, хороо, байр барих
Доройтсон бэлчээрийг нөхөн сэргээх, малын тэжээл тариалах
Хөдөлмөр хөнгөвчлөх дэвшилтэт технологийг нэвтрүүлэх
Хадлан, тэжээлийн техник, тоног төхөөрөмж худалдан авах
Эрсдэлийн үед цас цэвэрлэх, бэлчээр гаргах техник болон сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмж худалдаж авах зэрэгт хөнгөлөлттэй зээл олгохоор болсон байна.
АЖ АХУЙ НЭГЖИЙН ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАВ
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Албан татвар төлөгчийн орлого олох үйл ажиллагаатай хамааралгүй нийгмийн хариуцлагын хүрээнд хийгдсэн хөрөнгө оруулалт, санхүүгийн дэмжлэг, хандивын зардлыг албан татвараас хасаж хөнгөлнө. Хөнгөлөх дүн нь тухайн татварын жилийн татвар ногдох орлогын 1 хувь хүртэл хэмжээнээс хэтрэхгүй байна. Үүнийг төрийн болон орон нутгийн өмчийн боловсрол, эрүүл мэндийн байгууллага дагаж мөрдөнө. Хуулийн заалт 2035 оны нэгдүгээр сарын нэгний өдөр хүртэл хүчин төгөлдөр хэрэгжинэ.