



















Тайландын нийслэл Бангкок хотын хөдөө аж ахуйн зах дээр нэгэн этгээд гал нээж, хамгаалагчид болон худалдаачдад халдан таван хүн хөнөөсний дараа, өөрийгөө буудсан тухай тус хотын цагдаагийн албан тушаалтан мэдээллээ.
Метрополитен цагдаагийн газрын дарга Сиам Бунсомын хэлснээр, тухайн этгээд эхлээд гурван хамгаалагчийг буудан хороож, дараа нь хувийн өс хонзонтой байсан дөрөв дэх хүнийг хөнөөсөн байна.

“Тэр дахин буугаа сумлаж, зах руу гүйж орон, нэг эмэгтэй худалдаачныг буудан хороож, өөр нэг хүнийг шархдуулсан,” гэж Сиам сэтгүүлчдэд ярив.
Цагдаагийн газраас хуваалцсан бичлэг дээр сэжигтэн цагаан малгай өмсөж, цээжиндээ үүргэвч үүрэн автомашины зогсоол дундуур алхаж буй нь бичигджээ.
38 настай Дуангнапа Ийрунсири найз залуу болон эгчтэйгээ хамт хүнс авах гэж зах дээр ирээд буудлагын үеэр таарчээ. “Тэр олон сумыг дараалан тавьсан,” гэж тэр хэлсэн байна. “Бид шууд цагдаад дуудлага өгсөн гэжээ.”
Банг Сү дүүргийн цагдаагийн ажилтан Санонг Саэнгмани хэлэхдээ, тус зах нь голдуу хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн зардаг бөгөөд буудлагын галл гадаадын жуулчид өртөөгүй гэжээ.
Жуулчлал нь Зүүн Өмнөд Азийн хоёр дахь том эдийн засаг болох Тайландын гол хөшүүрэг бөгөөд эдийн засгийн өсөлт удааширсан энэ үед ийм хэрэг явдал гарсан нь олон нийтийн итгэлд сөргөөр нөлөөлж болзошгүй юм.
Тайландад бууны хүчирхийлэл, зэвсгийн эзэмшил түгээмэл байдаг. 2023 оны 10-р сард 14 настай нэгэн сэжигтэн өөрчилсөн гар буугаар Бангкокын тансаг зэрэглэлийн худалдааны төвд хоёр хүнийг буудан хөнөөж, таван хүнийг шархдуулж байсан.
Түүнээс жилийн өмнө, хуучин цагдаа нэгэн цэцэрлэг дээр буу, хутга ашиглан халдаж, 22 хүүхэд багтаасан 36 хүний амийг хороосон хэрэг гарч байсан ажээ.









