



















Өнгөрсөн долоо хоногт жилийн хур тунадасны дундаж хэмжээг давсан аадар бороо орсны улмаас Тайванийн өмнөд нутгаар хөрсний гулгалт болж, үер буун, дөрвөн хүн амиа алдаж, 5900 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлэпжээ. Долдугаар сарын сүүлээс хойш нам даралтын бүс болон баруун өмнөдийн хүчтэй салхины урсгалын нөлөөгөөр үүссэн үер, хөрсний гулгалтаас болж гурван хүн сураггүй алга болж, 77 хүн гэмтэж бэртсэн талаар эрх баригчид мэдээлсэн.

Энэ бүс нутаг нь Тайванийн хөдөө аж ахуйн салбарт чухал үүрэгтэй газар юм.
Тайванийн цаг уурын төв албанаас мэдээлж буйгаар, өнгөрсөн долоо хоногийн турш өмнөд нутгийн уулын бүсүүдэд 2.6 метр буюу 102.3 инч хур тунадас орсон нь тус арлын жилийн дунджаас (ойролцоогоор 2.1 метр) давсан үзүүлэлт байжээ.
Даваа гарагт буюу өнөөдөр Тайванийн Ерөнхий сайд Чё Жөн Тай өмнөд Тайнань хотын иргэдтэй уулзсан байна. Энэ хот нь 7-р сард болсон Данас хар салхи болон түүнээс хойших бороонд ихээхэн нэрвэгдсэн бүс нутаг юм. Ерөнхий сайд хэлэхдээ, "Бид ийм ноцтой ширүүн бороог маш ховорхон үзэж байсан. Данас хар салхи дэгдсэнээс хойш бүтэн сар дараалан тасралтгүй бороо орж байна. Миний танхим энэ долоо хоногт тусгай төсөв батлуулж, тусламжийн ажиллагаа эхлүүлэхээр ажиллаж байна" гэжээ.
Засгийн газрын мэдээлснээр, одоогоор 2000 гаруй хүнийг гэр орноосоп нь нүүлгэн шилжүүлсэн бөгөөд ихэнх нь өмнөд Каошиүн, Пинтүн аймгийн уулын тосгонд амьдардаг хүмүүс юм. Аврагчид хөрсний нуралт, үерт автсан замыг сэргээж, хүнс, эмнэлгийн тусламж хүргэхээр ажиллаж байна.
Каошиүн хотын захирагч Чен Чи-Май ням гарагт хэлэхдээ:
“Энэ бол сүүлийн арван жилд болж буй хамгийн олон хүнийг хамарсан нүүлгэн шилжүүлэлт гэж хэлж болно. Уул руу бүү яв, үнэхээр, үнэхээр аюултай байна” хэмээн анхааруулжээ.
Цаг уурын албаны мэдээлснээр, бороо даваа гарагаас эхлэн намжих төлөвтэй ч, өмнөд нутгийн уулс орчмоор үер, хөрсний гулгалтын аюулын анхааруулга хэвээр байна.
Данас хар салхи нь долдугаар сард Тайванийн баруун эрэг дагуу шуургалж, сүүлийн хэдэн арван жилд тохиогоогүй хүчтэй салхилан 3000 гаруй цахилгаан дамжуулах шон унагасан нь тус арлын эрчим хүчний сүлжээнд ноцтой хохирол учруулсан юм.









