



















Буудлага үйлдсэн этгээдийг Шэйн Тамура гэдэг ба сэтгэцийн өвчтэй нэг байжээ.
Хохирогчдын нэг нь хоёр хүүхдийн аав, Бангладешээс цагаачилсан NYPD-ийн офицер Дидарул Ислам аж.
Сэжигтэн өөрийгөө буудаж амиа егүүтгэсэн.
Хэрэг Нью-Йоркийн 345 Парк Авеню дахь NFL болон томоохон санхүүгийн компаниуд байрладаг байранд болсон.
Сэжигтний үйлдлийн шалтгааныг одоогоор тогтоогоогүй байна.
Нью-Йоркийн тэнгэр баганадсан барилгад автомат буугаар зэвсэглэсэн этгээд гал нээж дөрвөн хүнийг буудан хөнөөсний дараа өөрийгөө буудан, амиа егүүтгэсэн тухай тус хотын албаныхан мэдээллээ.
Уг барилга нь NFL-ийн төв байр болон хэд хэдэн томоохон санхүүгийн байгууллагын оффис байрладаг 345 Парк Авеню хаягтай бөгөөд буудлага нь үдээс хойшхи оргил цагаар болсон байна.

Нас барсан дөрвөн хүний нэг нь Нью-Йоркийн Цагдаагийн газрын (NYPD) 36 настай офицер Дидарул Ислам байсан бөгөөд тэрээр АНУ-д Бангладешээс цагаачлан ирсэн нэгэн байж. Тэрбээр NYPD-д 3 жил хагасын турш ажиллаж, хоёр хүүхдийн эцэг, гурав дахь хүүхдээ хүлээж буй жирэмсэн эхнэртэй байсан талаар мэдээлж байна. Хотын захирагч Эрик Адамс түүнийг “Жинхэнэ хөх цэрэг, баатар” гэж тодорхойлсон аж.
Бусад гурван хохирогчийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл хараахан ил болоогүй боловч хоёр эрэгтэй, нэг эмэгтэй байсныг мэдээлжээ. Мөн нэг эрэгтэй ноцтой шархадсан бөгөөд эмнэлэгт амь тэмцсэн байдалтай байгаа гэж хотын захирагч мэдэгдсэн байна.
Цагдаагийн газрын комиссар Жессика Тишийн хэлснээр, 27 настай Шэйн Тамура хэмээх энэ этгээд Лас Вегасаас Нью-Йорк руу машинаар ирсэн бөгөөд сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай байсан гэдгийг онцолжээ. Түүнийг ганцаараа ийм үйлдэл хийсэн гэж үзэж байгаа ба уг хэрэг ямар шалтгаанаар гарсныг одоогоор тогтоогоогүй байна.
Цагдаагийн ҮЭ-ийн холбооны дарга Патрик Хендри:
“Цэвэр муу ёрын зүйл манай хотын зүрхэнд ирж, гэмгүй хүмүүс болон тэднийг хамгаалж байсан цагдаагийн ажилтныг онилсон” хэмээн мэдэгджээ.
Цагдаагийн ажилтан Ислам нь NYPD-ийн хувцастай эргүүлийн алба хаагчдыг хувийн компанид хамгаалалтын чиглэлээр ажиллуулах тусгай хөтөлбөрт хамрагдан ажиллаж байсан аж.
Буудлага нь барилгын лобби хэсэгт эхэлсэн бөгөөд сэжигтэн 33 давхарт гарч, менежментийн компанийн оффист халдлагаа үргэлжлүүлсэн байна. Эцэст нь өөрийнхөө цээж рүү буудаж, амиа егүүтгэсэн тухай комиссар Тиш хэлсэн.
CNN сувгийн мэдээлснээр, сэжигтэнгийн барилгын хаалгаар буутайгаа орж ирж буй зургийг цагдаа нар хэвлэлүүдэд өгчээ. Урьдчилсан шалгалтаар тухайн этгээд ноцтой гэмт хэргийн түүхгүй байсныг албаны хүмүүс онцолж байна. Өнгөрсөн долоо хоногт Тайланд улсын Бангкок хотын хөдөө аж ахуйн зах дээр үүнтэй ижил аллага гарч мөн л 5 хүн амиа алдсан юм.











