



















Оскарын шагналд нэр дэвшсэн энэхүү анимэйшн кино нь хайр бол бүхнийг өөрчлөх арга гэдгийг дэлхий нийтэд тунхаглаж байна.
Өнгөцхөн харахад технологи ба байгаль хоёрын харилцааг харуулсан, сэтгэл хөдөлгөм хүүхэлдэйн кино мэт боловч хүйтэн төмрийг ч хүн болгож чадах тэр их хүч зөвхөн хайранд буйг яруу тодоор үзүүлсэндээ уг киноны уран бүтээлчид Оскарын алтан цомын төлөө ширүүн өрсөлдүүлсэн юм. Хоорондоо хэзээ ч үл зохицох, үл тохирох, нэгнээ устгах зүй тогтолтой аливаа зүйл бүхэн зөвхөн хайр, нэгдэл, энэрэл, биенээ гэх халуун сэтгэлийн дөлөөр л дулаацаж, эрчлэн асах халуун хайрыг бий болгож болохыг та энэхүү анимэйшн киноноос үзэх болно.
Киноны гол дүр болох ROZZUM 7314 буюу Роз хэмээх робот нь ослын улмаас эзгүй аралд хаягдаж, ганцаараа дахин ачаалласнаар зэрлэг байгальд сэрэх болно. Байгалийн хүч ямар ч технологийг үгүй хийж мэдэхийг энэ хэсэгт үзүүлэх бөгөөд аливаа зүйлд суралцах чадвар байгаа аваас та өөрийгөө шинээр бүтээж чадна гэдгийг маш энгийнээр ойлгуулах болно.
Тэрээр зэрлэг байгалиар хичнээн их хэсүүчлэн тэнээд ч, аль нэг амьтныг дуурайж аяглаад ч амжилт олохгүй бөгөөд зөвхөн өөрийгөө хөдөлгөөнгүй болгон бүгдийг ажиглаж, сонсож, бүртгэж, хянаж чадсанаар хэсэг хугацааны дараа бүх амьтны хэлийг ойлгодог болсноор дахин ачааллаж, сэрэх болно. Энэ нь чамд бүх зүйл хэцүү санагдаж, сорилт тулгарвал хойш ухарч өөрийгөө ажигла, тэгээд сонс гэх Дорно дахины гүн ухааны агуулгыг шингээж, өөрийгөө таньсан хүн бусдыг таньж нээдэг гэх ойлголтыг танд үлдээнэ.
Гол хэсэг эндээс эхэлнэ. Аан гээд уун гэж бай 😊😊😊
Роз нэгэн өдөр байгалийн хүчийг сөрж чадалгүй, олон бүтэлгүйтлийнхээ нэгтэй нүүр тулж, холын холд шидэгдэхэд модны мөчирт байсан шувууны үүрийг няц дарсан байх бөгөөд бараг бүгдийг үгүй хийсэн байв. Гэхдээ ганц бүтэн өндөг олсноор энэхүү анимэйшны “гол сүнс” эхэлнэ.
Хөндий хоосон төмөр хэдийгээр хичнээн найрсаг, залхуугүй, хичээмтгий байгаад ч өндгөө хагалан гарч ирсэн бяцхан дэгдээхийд хэрэгтэй, шаардлагатай юуг ч өгч үл чадна. Харин түүнд эхийн хайр байвал энэ бүх зүйл хормын дотор шийдэгдэж болохыг, эх хүний үрээ гэх хайрыг юу ч орлохгүй гэдгийг, эхийн хайр олон төрлөөр илрэх бөгөөд зөвхөн найрсаг байснаар хайртай гэж ойлгож болохгүйг долоон зулзагадаа дарлуулах, тэднийг загнах, тэднээсээ залхах мэрэгч эхийн хайраас илүү тод харцгаах болно. Зөвхөн өгсөн даалгавар буюу дэгдээхийг хооллож, сэлүүлж, нисгэж сургах үүрэгтэй болсон Роз эхийн хайраар хүч нэмэхгүй л бол юуг ч сургаж чадахгүйгээ ойлгоно.
Түүнчлэн эхийн хайр гэдэг заримдаа хатуу ширүүн, аашилж загнахаар илэрдэг бол заримдаа авран хамгаалагч, арыг даагч болж, өөрөө хохирсон ч инээгээд үлдэх, зовоохыг хүсэхгүйдээ худлыг үнэн мэт болгож, үнэнийг худал гэж хэлж зогсох хэмжээний эр зориг байдгийг та Зэрлэг Роботоос үзэж, ээжийнхээ тухай эргэн санах болно гэдэгт итгэлтэй байна.
Зэрлэг Роботоос олж мэдэж болох өөр нэг үнэт зүйл бол эв нэгдэл, нөхөрлөл, хайрыг бүгд мэдэрдэг бас хүсдэг гэдгийг ойлгоцгооно. Нэг нэгнээ агнаж, идэж, цааш өсч үржих байгалийн зохилдлогыг уг бүтээл үгүйсгэсэн мэт боловч цаад агуулгаараа бид нэгнээ үл ойлгож, өөрөөсөө өөр байхыг тэвчихгүйгээр, өөртөө нийцүүлэх гэж, амжилт, эрх мэдэл, хөрөнгө чинээний төлөө улайран зүтгэснээр өөрөө ч хоосон мэт мэдрэмжтэй үлдэн үүнийг зөвхөн хайр, итгэл, хүндэтгэл, эв нэгдэл өөрчилнө гэх санааг мэдрэх болно.
Хамгийн сүүлд ойлгох бас нэгэн үнэт зүйл бол эх дэлхий биднийг хичнээн их хайрлаж байгааг, бид ч чадах чадахаараа эх дэлхийгээ хайрлах ёстойг, хөндий хүйтэн төмөр ч гэсэн эх хүн болж болох хайр гэдэг хамгийн ТОМ мэдрэмжээ ил гаргацгааж, илэрхийлж байхыг Зэрлэг Робот дэлхий нийтэд тунхаглаж байна.
“The Wild Robot” кино нь хайр зөвхөн хүн хоорондын мэдрэмж бус бүх амьд биетийн дунд оршдог хамгийн хүчирхэг мэдрэмж гэдгийг сануулахыг зорьжээ. Та уг киног гэр бүлээрээ үзэн, нулимсаа арчих болно гэдэгт итгэлтэй байна. Мөн ээж аав, эмээ өвөө гээд таныг хайраар дүүрэн байлгасан бүх хүнд талархах болно гэдэгт ч итгэлтэй байна.










