



















Титаник хөлгийн сүйрлээс 700 гаруй хүний амь насыг аварсан ахмад Артур Ростроны халаасны алтан цаг 1.97 сая доллароор зарагджээ. Титаник хөлгийн ахмад Артур Ростроны энэхүү халаасны цаг нь Tiffany & Co брендын 18 каратын алтан цаг юм.
1912 оны дөрөвдүгээр сарын 15-нд Титаник хөлөг онгоц мөсөн уул мөргөж 1500 гаруй хүн амиа алдсан байдаг. Титаник хөлөг онгоц живж байгаа дуудлага авсан ахмад Артур Рострон Нью-Йоркоос Газар дундын тэнгис рүү явж байсан “RMS Carpathia” хөлгийнхөө чиглэлийг өөрчилж, Титаникийн зорчигчдыг аварсан юм. Энэ ослоор амиа алдсан чинээлэг бизнесмэний бэлэвсэн эхнэрүүд алтан цагийг ахмад Артур Ростронд бэлэглэжээ.
Халаасны алтан цаг дээр "Титаникаас амьд үлдсэн гурван хүнээс чин сэтгэлийн талархал илэрхийлж, ахмад Ростронд дурсгав". 1912 оны 4-р сарын 15-нд. Хатагтай Жон Б Тайер, Жон Жейкоб Астор, Жорж Д Виденер нар хэмээн сийлжээ.
Титаник хөлгийн ослоос амьд үлдсэн хатагтай Мэдлин Асторын нөхөр Жон Жейкоб Астор IV нь 1997 онд бүтээгдсэн Жеймс Камероны "Титаник" кинонд гардаг хамгийн баян эрхэм юм. Тэрээр жирэмсэн эхнэрээ аврах завинд суулгаад өөрөө амиа амиа алджээ.
Өмнө нь хөлөг онгоцтой холбоотой дуудлага худалдаагаар зарагдаж байсан эд зүйлсээс хамгийн өндөр үнэ хүрч байсан нь мөн л бугуйн цаг байдаг. Энэ оны эхээр зарагдсан халаасны цаг 1.485 сая доллароор зарагдаж дээд амжилт тогтоож байжээ.
Титаникийн ослоос үлдсэн эд зүйлс ховордож, харин сонирхогчид нэмэгдсээр байгаа учраас халаасны цагнуудын үнэ ийнхүү дээд амжилт тогтоож байна.
Ахмад Артур Ростроны алтан цагийг Америкийн хувийн цуглуулагч худалдан авсан байна.









