



















АНУ-ын Сан Диего хотын "Comic-Con" олон улсын үзэсгэлэн дээр “муухай хөөрхөн” төрхтэй Labubu хүүхэлдэй фэнүүдийнхээ анхаарлыг татсаар байна. Уг хүүхэлдэй дэлхий даяар Rihanna, Lizzo, Dua Lipa, Blackpink хамтлагийн Lisa зэрэг оддын ачаар алдартай болсон юм. ҮГ ч өмнө нь Labubu хүүхэлдэйний талаар мэдээлж байсан.

Энэхүү том нүдтэй, инээмсэглэл дүүрэн хүүхэлдэйг 2015 онд Хонконгийн зураач, уран бүтээлч Касинг Лунг бүтээсэн байна. 2019 онд Лунг Pop Mart хэмээх Хятадын тоглоомын компанид Labubu-г худалдах эрх олгосон бөгөөд тус компани нь ихэвчлэн “сюрприз хайрцаг” (blind box) хэлбэрээр цуглуулгад зориулсан дүрснүүдийг борлуулдаг юм.
“Сюрприз хайрцаг” гэдэг нь тухайн хайрцаг дотор яг юу хүүхэдплдэй байгааг мэдэхгүйгээр цуглуулгын нэг дүрс таарч ирдэг битүүмжилсэн хайрцаг юм.
Сан Диего хотын оршин суугч Наоми Галбан ням гарагт "Comic-Con" дахь Pop Mart-ийн асарт Labubu авахаар дугаарлан зогсож байлаа.
“Би Pop Mart-ийн дэлгүүр орох болгонд, хүүхэлдэйнүүд үргэлж дууссан байдаг. Энэ удаа дүүгийнхээ төлөө нэгийг авч чадна гэж найдаж байна,” хэмээн 24 настай Галбан ярьжээ.
Pop Mart компанийн Оюуны өмчийн лицензийн хэлтсийн дарга Эмили Броу пүрэв гарагт Ройтерст ярилцлага өгөхдөө:
“Фэнүүд өөрсдийнхөөрөө Labubu-г хувийн болгоод авч явж байгааг харах үнэхээр гоё байдаг” хэмээжээ.
Дэлхийн олон сая эмэгтэйчүүд, хүүхдүүд Labubu-г цүнхэндээ зүүж гангардаг болсон нь энэ хүүхэлдэй шөнө дунд гэнэт алдартай болоогүй юм.
Labubu 2019 онд Pop Mart худалдаж эхэлснээр эрэлт нь огцом өссөн. 2024 онд Blackpink-ийн гишүүн Lisa Labubu-г олон нийтийн сүлжээнд сурталчилж, Тайландад асар их эрэлт үүсгэсэн нь борлуулалтыг бүр ч их нэмэгдүүлсэн.
Pop Mart-ийн мэдээлснээр, зөвхөн 2025 оны 1-р улиралд АНУ дахь борлуулалт нь 2024 оны бүтэн жилийн борлуулалтаас давсан байна.
Labubu-г бүтээхдээ уран бүтээлч Лунг энэ эмэгтэй дүрд хойд Европын домгоос сэдэвлэсэн бөгөөд түүнийг болон өөрийн бусад уран сэтгэмжийн амьтдыг “Мангасууд” гэж нэрлэдэг.
25 настай Диана Гойкортуа энэ хүүхэлдэйг анх сошиалаар олж мэдээд, Labubu цуглуулах нь нэг төрлийн “тоглоом” болж хувирсан тухайгаа хэлжээ:
“Яг юу авахаа мэдэхгүй, бага зэрэг мөрийтэй тоглоом шиг. Гэхдээ Labubu-д дуртай болохоор энэ нь үнэ цэнтэй санагддаг.”
Гойкортуа аль хэдийн гурван Labubu-тай бөгөөд "Comic-Con" дээр дөрөв дэхээ авахыг хүсэж байсан байна.










