



















Замын хөдөлгөөний дүрэм биелүүлдэггүй, үүнээсээ болж торгуульдаг. Торгуулиа төлөөгүй үйлдлийг нь нэг удаа сануулаад дахин торгодог ч мөн л төлдөггүй жолооч нар олон бий. Жолоочийн хариуцлагагүй, үүргээ биелүүлдэггүй буюу торгуулиа төлөхөөс санаатайгаар зайлсхийсэн жолоочийн жолоодох эрхийг хасаж буй.
Хуулинд энэ тухай тодорхой заасан байдаг. Тодруулбал оногдуулсан шийтгэлийг биелүүлэхээс санаатайгаар зайлсхийсэн бол эрх хасах шийтгэлийг үндсэн шийтгэл дээр нэмж оногдуулна гэж Зөрчлийн тухай хуулийн 3.4.8-т заажээ.
Хууль, дүрэмд захирагддаггүй, замын хөдөлгөөний дүрэм санаатай болон санамсаргүй зөрчдөг жолооч нар олон бий. Улаанбаатар хотын авто замын уулзвар, гэрлэн дохио бүрт хяналтын камер суурилуулсан. Эдгээр хяналтын камер бүр зөрчил гаргасан жолоочийн үйлдлийг баримтжуулж, торгуулиа төлөхийг сануулсан мессэжийг гар утсанд нь илгээж буй. Торгуультай бол сайн дураараа төлж барагдуулах үүрэгтэй. Гэтэл замын хөдөлгөөний дүрмийг удаа дараа зөрчиж хэд хэдэн удаагийн торгуультай ч түүнийгээ төлөхгүй байгаа нь шийтгэл биелүүлэхээс санаатайгаар зайлсхийсэн болж, эрх хасах үндэслэл болж буй.
Зөрчлийн тухай хуулийн 3.4 дугаар зүйл. Торгох шийтгэл
8. Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөнтэй холбогдуулан эрх бүхий этгээдээс оногдуулсан торгох шийтгэлийг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх авах, сунгах, ангилал нэмэх, өөрчлөх, нөхөн авах, тээврийн хэрэгслийн эзэмшлийн шилжилт хөдөлгөөн хийх эрхийг хязгаарлана. Хүн, хуулийн этгээд эрх бүхий этгээдээс оногдуулсан торгох шийтгэлийг энэ хуулийн 3.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол цагдаагийн алба хаагч тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг торгох шийтгэлийг биелүүлж дуусах хүртэл хугацаанд хязгаарлана. Энэ тохиолдолд тээврийн хэрэгслийг хуульд заасан журмын дагуу тусгай талбайд хүргэх, эсхүл холбогдох хууль тогтоомжид заасан бусад аргаар хөдөлгөөнийг нь хязгаарлана.
Хэрэв торгуулиа төлөөгүй тохиолдолд таны автомашиныг журамлаж, торгуулиа төлсөн тохиолдолд буцаан олгох тухай энд дурджээ. Тэгвэл ямар тохиолдолд таны эрхийг хасах вэ гэдгийг хуулийн дараах зүйлд заасан байна.
2. Зөрчлийн тухай хуулийн 3.8 дугаар зүйл. Эрх хасах шийтгэл
4. Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээд тусгайлан олгогдсон зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулах, эрхээ хэрэгжүүлэх хууль, захиргааны хэм хэмжээний актаар тогтоосон журмыг байнга, эсхүл ноцтой зөрчсөн, эсхүл тусгайлан олгогдсон зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулах, эрхээ хэрэгжүүлэх журмыг зөрчсөн зөрчилд нь оногдуулсан шийтгэлийг биелүүлэхээс санаатайгаар зайлсхийсэн бол эрх хасах шийтгэлийг үндсэн шийтгэл дээр нэмж оногдуулна.
Эхний заалтад торгуулиа төлөөгүй бол автомашиныг журамлана гэсэн бол энэ удаад олон удаагийн торгуулиа төлөөгүй бол “санаатайгаар зайлсхийсэн” гэж үзэж тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасна гэжээ.
Тухайлбал, Тээврийн цагдаагийн албанаас одоогийн байдлаар 10-58 удаагийн торгуультай байсан 120 жолоочийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг тус бүр нэг жилийн хугацаагаар хасаж шийдвэрлэсэн байна. Жишээ нь, 2021 оноос хойш 21 удаа торгуулсан, төлбөрийн хэмжээ нь 460 мянган төгрөг. Үүнийг огт төлөөгүй жолоочийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасжээ.
Хэрэв та замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн, олон удаагийн торгуультай, түүнийгээ төлөөгүй бол торгохоос гадна эрхийг тань хасна.
Жолооч нар оногдуулсан торгуулиа 15 хоногийн дотор төлж барагдуулах үүрэгтэй бөгөөд энэ хугацаанд төлөөгүй бол 50 хувь нэмэгдүүлнэ гэж хуульд заасан. Харин хугацаандаа төлбөл мөн дээрх хувиар багасгаж торгуулиа төлөх юм.









