



















Эрчим хүчний үндэсний хорооноос үнийн нэмэгдлийг ямар байдлаар хийхээ өргөн хүрээнд судалж, олон хувилбараар тооцоолол гаргасан. Тэгвэл эцсийн шийдвэрийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл /ҮАБЗ/ өнөөдөр хуралдаж, эрчим хүчний улс төрөөс хараат бус байдлыг хэлэлцэж, үнийг эцэслэн тогтооно.
Эрчим хүчний үндэсний хорооны дарга Т.Доржханд:
Засгийн газар ирэх онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ. Үүний найм нь эрчим хүчний төсөл юм. Эрчим хүчний үнэ тариф нэмэхгүй бол энэ салбар хүнд байдалд орсон. Тиймээс ҮАБЗ өнөөдөр хуралдаж, эрчим хүчний үнийг тодорхой болгоно. Өмнө нь манай хороо УИХ дахь намын бүлгүүдэд эрчим хүчний үний өсөлтийн тооцооллоо танилцуулсан. УИХ-ын гишүүд энэ шинэчлэлийг дэмжсэн. Манай хороонд УИХ-ын гишүүдээс гадна хувийн хэвшил, ТББ, иргэний нийгмийн төлөөлөл ч багтсан. Үнэ нэмэх нь шинэчлэлийн зөвхөн нэг хэсэг.
УИХ-ын гишүүн С.Цэнгүүн:
Шинэчлэлийг бүх шатанд дэмжиж байгааг дуулгахад таатай бaйна. Энэ салбар манай улсын тусгаар тогтнолтой холбоотой.
УИХ-ын гишүүн Б.Найдалаа:
Бид эрчим хүчний компаниудын засаглалыг сайжруулахын тулд хаана авлига, алдаа гарав, яаж цаашид засах вэ гэдэгт анхаарч байна. Энэ салбарт 30-аад компани бий. Тэдгээр компанийн ТУЗ, гүйцэтгэх захирлуудыг сольсноор асуудлыг шийдэхгүй. Ул суурьтай судлах хэрэгтэй.
УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн:
Эрчим хүчний салбар 101 жилийн настай. Эрчим хүчний хэрэглээ жил бүр өслөө ирэх жил ТЭЦ2 шиг чадлыг нэмж ашиглалтад оруулах шаардлагатай. Чадлын дутагдал бий болсон. Хоёр хөрштэй харьцуулахад нэг хүнд ногдох цахилгааны хэрэглээ манай улсад хоёр дахин бага. Цар тахлын улмаас дэлхий нийтэд инфляц бий болж, эрчим хүчний салбар алдагдалд орсон. Эрчим хүчний үнийг төрөөс хатуу тогтоодог атлаа зардал нь зах зээлийн зарчмаар гардаг. Иймд зөрүү үүссэн. 285 төгрөгөөр үйлдвэрлэж 216 төгрөгөөр цахилгаан нийлүүлж байна. Манай салбарт хоёр асуудал үүссэн. Санхүүгийн болон техникийн хоцрогдол. Иймд УИХ-аас томоохон ажлын хэсэг байгуулав. Бид сүүлийн гурван сард юуг, яаж хийхээ тодорхой болгосон.









