



















2025.05.05 өдөр
Хүний нутагт хэрхэн яаж гэдэг нь бүрхэг, хайртай бүхнээсээ хол, ганцаараа энэ амьдралаа дуусгасан ICETOP хамтлагийн ахлагч Eyescool-ийг эцсийн замд нь үдлээ. Тэрээр Монголын хөгжмийн урлагийг хипхоп урсгалаар салаалуулж , хипхоп төрлийн хөгжмөөр Монголдоо хүчтэй “цөн” түрүүлж чадсан цөөн тооны мөс зүсэгчдийн нэг байжээ. Түүнийг зөвхөн хипхопчид, урлаг соёл, хөгжмийн төлөөллүүд бус Монголын нийгмийн үе үеийн төлөөллүүд хүндэтгэн үдэж байна. Хэдийгээр тэр зүй бус үйлдэл гаргаж, хуулийн дагуу нэг бус удаа шалгагдаж байсан ч түүний алдаа бүр өөртэй нь хамт үүрд оршиж үлдлээ. Түүнийг нутаглуулах ёслол хүндэтгэл, сүр хүч, эв нэгдэл, хүн чанарын их илэрхийллийг нийгэмд үлдээн одож байна. Ердөө үнэн л байх аваас алдаатайгаа хайрлагдаж, уучлагдаж болдогийг илтгэн Монгол хүний өгөөмөр, уужуу занг түгээн одлоо. Саяхан насан хутгийг олж дараа төрөлдөө одсон Монгол улсын анхны ерөнхийлөгчөө алдсан уй гашуут өдрүүдэд цөөн биш хүмүүс түүнийг зүхсэн, доромжилсон өнгө аястай сэтгэгдэл, мэдэгдлүүд нийгмийн сүлжээнд түгээж, сэтгэгдэлүүд нь шил шилээ даран хөврөхөд айх, эмзэглэх сэтгэл эрхгүй төрж байв. Бид хүний ёсноосоо алсарч, амьгүй болж төрөл арилжсан нэгнээ хараан зүхдэг “адгууслаг” авиртай болж байна уу гэх эмзэглэл эрхгүй төрж байв.
Харин Eyescool-ийг үдэх энэ өдрүүдэд тэр эмзэглэл үгүй болж, тэнгэр цэлмэх мэт дотор уужрам байх. Учир нь ердөө ҮНЭНД байж.
Үнэн гэдэг алдаагүй, өнгөлөг, сайхан, баян, нэр төртэй, хүчтэй, ухаантай байх албагүйг EYESCOOL өөрийн амьдралаараа бидэнд тунхаглаад явлаа.
Алдаа гэдэг хамгийн хатуу ҮНЭН аж. Олон олон залууст үнэн амьдрахын сайхныг үлгэрлэж, алдаа гэдэг амины төлөөстэйг ойлгуулан сануулсаар EYESCOOL од боллоо.
Гүн эмгэнэл илэрхийлье.











