



















Их Британын Лондон хотод болсон аймшигт авто ослын дараа 20 гаруй жилийн турш комд байсан Саудын Арабын ханхүү нас барлаа. Ханхүү Аль-Валид бин Халид Аль Сауд 2005 онд ердөө 15 настайдаа авто ослоос болж тархинд нь цус харваж, дотоод цус алдалттайгаар комд орсон юм. Түүнээс хойш “Унтаж буй ханхүү” хэмээн олонд алдаршсан тэрээр ухаан ороогүй ч эмнэлэгт амьсгалын аппаратад холбогдсон байдалтай 20 жилийг үдсэн.
Түүний эцэг Ханхүү Халид бин Талал Аль Сауд хүүгээ аппаратаас салгахыг тууштай эсэргүүцдэг байв.

Өнөөдөр Халид Бин Талал Аль Сауд өөрийн "X" (хуучнаар Twitter) нийгмийн сүлжээний хуудсаараа дамжуулан хүүгийнхээ таалал төгссөн мэдээг нийтэлжээ.
Тэрбээр Кораны айлдварыг эш татан:
“Аллахын хүслэн, тавилангийн өмнө итгэлт сэтгэлээр хүлээн авч, гүн эмгэнэл, гунигт автан бид хайрт хүү, Ханхүү Аль-Валид бин Халид бин Талал бин Абдулазиз Аль Сауд-ыг хүндэтгэн үдэж байна. Аллах түүнийг өршөөг.”
Ханхүү Аль-Валид осолд орохоосоо өмнө Лондоны цэргийн коллежид суралцаж байсан бөгөөд ослын дараа Саудын Арабын нийслэл Эр-Рияд хотын Хаан Абдулазизын эмнэлгийн төвд шилжин эмчлүүлж эхэлсэн байдаг. Тэр цагаас хойш 20 жилийн турш ухаан ороогүй юм.
Түүний эцэг итгэл найдвараа хэзээ ч алдаагүй бөгөөд хүүгийнхээ сувилахуйн үйлчилгээнд гүн оролцоотой байж, амьсгалын аппаратаас салгах аливаа саналыг эрс эсэргүүцэж иржээ.
Түүний оршуулгын ёслол өнөөдөр болно.
Энэ мэдээг дэлхий даяар хуваалцаж, "Унтаж буй ханхүү" гэх hashtag цахим орчинд өргөнөөр тренд болж байгаа бөгөөд олон мянган хүн эмгэнэл илэрхийлсээр байна.
Хэн нэгэн бичихдээ:
“Ханхүү Аль-Валид бин Халид амгалан нойрсоосой. Хамгийн гүн эмгэнэл илэрхийлье.” гэжээ.










