



















Энэ сарын 27-ны өдөр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Казахстан улсад төрийн айлчлал хийв. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин 2015 оноос хойш 35 дахь удаагаа Казахстан улсад айлчилж байна. Касым-Жомарт Токаев Нурсултан Назарбаевын нисэх онгоцны буудалд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиныг угтан авлаа. Энэ үеэр Казахстаны агаарын цэргийн хүчин тусгайлан бэлтгэсэн агаарын үзүүлбэрээр ОХУ-ын төрийн далбааг агаарт мандуулжээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев нарын уулзалт хоёр цаг гаруй үргэлжилсэн бөгөөд зарим үед микрофоноо хааж байгаад ярилцаж байсан нь олны анхаарлыг татаад байна.
Хоёр улсын удирдагчийн гарын үсэг зурсан баримт бичгүүдээс хамгийн чухал нь “Дэлхийн шинэ дэг журмын хүрээнд стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэх тухай” хамтарсан мэдэгдэл байв. Үүнд: “Хоёр орны бүрэн эрх, тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг харилцан хүндэтгэх үндсэн дээр улс хоорондын яриа хэлэлцээ хийх” тухай заажээ.
ОХУ болон Казахстаны худалдааны эргэлт ойрын хугацаанд 30 тэрбум ам.доллар давах төлөвтэй байна. Иймд В.Путины Казахстанд хийсэн төрийн айлчлал нь “Казах-Оросын харилцааны хөгжилд чухал үйл явдал болсон түүхэн үйл явдал” гэж талууд тэмдэглэжээ.
Мөн уулзалтын үеэр В.Путин Касым-Жомарт Токаев нар 20 орчим баримт бичигт гарын үсэг зуржээ. Тухайлбал, Казахстаны төмөр замын дэд бүтцийг хөгжүүлэх тухай, Казахстанд нийлүүлэх газрын тос, газрын тосон бүтээгдэхүүний нийлүүлэлтийг өргөжүүлэх тухай, Казахстаны хамгийн том станцуудын нэг болох Экибастуз 2-ыг сэргээн засварлахад туслах тухай гэрээнд гарын үсэг зуржээ.
Түүнчлэн В.Путин Казахстаны улсыг БРИКС-д албан ёсоор урьжээ. Казахстан, Оросын хооронд хамтран ажиллах асуудлаар ямар ч санал зөрөлдөөн байхгүй. Хэлэлцээрийн үр дүнд дэвшүүлсэн зорилтууд нь Москва, Астанагийн стратегийн түншлэлийг гүнзгийрүүлэхэд хувь нэмэр оруулна гэж хамтарсан хэвлэлийн хурлын үеэр В.Путин мэдэгджээ.
Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины айлчлалд ихээхэн ач холбогдол өгч өмнөх өдрийн өглөөний 8.00 цагаас эхлэн төв талбай, хэд хэдэн төв гудамжнуудыг хаасан байна. Энэ үйл явдал зарим аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг зогсоосон бөгөөд их дээд сургуулиудыг цахимаар хичээллүүлжээ. Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаевын В.Путинд үзүүлж буй хүндэтгэл олон нийтийн сүлжээнд хурц шүүмжлэлд өртөөд байна.









