



















АНУ-ын "WNBA" лиг (АНУ-ын мэргэжлийн эмэгтэй сагсан бөмбөгийн дээд түвшний лиг. 1996 онд байгуулагдаж, 1997 онд анхны улирлаа эхлүүлсэн. NBA 'National Basketball Association' буюу эрэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн холбооны дэмжлэгтэйгээр үүсэн байгуулагдсан) 2028-2030 оны хооронд Кливленд, Детройт, Филадельфия хотуудад шинэ баг нэмж, нийт 18 багтай болох түүхэн төлөвлөгөөгөө зарлалаа.

Энэхүү төлөвлөгөөг эцэслэхэд "WNBA" болон "NBA"-ийн Захирлуудын зөвлөлийн зөвшөөрөл шаардлагатай бөгөөд шаардлага хангагдсан нөхцөлд дараах хуваарийн дагуу шинэ багууд нэмэгдэх юм:
Кливленд — 2028 онд лигт нэгдэнэ.
Детройт — 2029 онд.
Филадельфия — 2030 онд.
Шинэ багуудын байршлыг сонгохдоо тухайн зах зээлийн амьдрах чадвар, эзэмшигчдийн үүрэг амлалт, хөгжөөн дэмжигчдийн бааз, ивээн тэтгэгчдийн дэмжлэг, заалны нөхцөл боломж, орон нутгийн оролцоо зэрэг олон үзүүлэлтийг харгалзан үзжээ.
WNBA-гийн комиссар Кэти Энгелберт "Эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн эрэлт урьд хожид байгаагүй өндөр байна. Энэ түүхэн төлөвлөгөө нь манай лигийн хурдацтай өсөлт, тоглогчдын авьяас чадвар, мэргэжлийн эмэгтэй спортод хөрөнгө оруулах хүсэл эрмэлзэл маш их өссөнийг илтгэж байна" хэмээн мэдэгджээ.
Кливлендийн багийг Rock Entertainment Group удирдах ба тэргүүн нь Кливленд Кавальерс багийн эзэн Дэн Гилберт. Кливленд хот өмнө нь 1997–2003 онд WNBA-ийн "Рокерс" багийг хүлээн авч байсан түүхтэй.
Детройтын багийг Детройт Пистонс багийн эзэн, Platinum Equity компанийн гүйцэтгэх захирал Том Горес тэргүүлэх юм. Детройт хот өмнө нь 1998–2009 онд WNBA-ийн "Шок" багтай байсан бөгөөд гурван удаагийн аварга, 2003 оны финалын тоглолтод 22,076 үзэгч цуглуулж байсан амжилттай.
Филадельфийн багийг Harris Blitzer Sports & Entertainment эзэмших бөгөөд гол удирдагч нь Жош Харрис, түүний удирдлагын багт Дэвид Блитцер, Дэвид Адельман, Брайан Робертс нар нэгдэнэ.
Жош Харрис "Филадельфи бол дэлхийн хамгийн алдартай сагсан бөмбөгийн хотуудын нэг. Энэ хот WNBA-ийн өөрийн гэсэн багтай байх эрхтэй" хэмээн онцолжээ.
Одоогоор 15 багтай байгаа WNBA-д 2025 оны 5-р сард анх тоглож эхэлсэн Голден Стэйт Валкирис, 2026 онд нэгдэхээр төлөвлөгдсөн Торонто ба Портланд хотуудын шинэ багууд ч мөн нэмэгдэж буй юм.










