




















Яармаг орчмын түгжрэлийг сааруулах зорилгоор Яармагийн замыг нэгдүгээр хороололтой холбох авто замын гүүрийн бүтээн байгуулалт үргэлжилж байна. Энэхүү шинэ гүүр нь нийт гурван гүүр, холбоос зам гэсэн хоёр хэсгээс бүрднэ. Гүүрийн ажил 2022 оны есдүгээр сард эхэлсэн. Автозамын ажил 2023 наймдугаар сард эхэлсэн. Уг бүтээн байгуулалтын ажлыг хийснээр Яармагийн авто замын түгжрэлийг 20 орчим хувиар бууруулна гэж тооцжээ. Мөн энэ жил нийт нутгаар хур бороо элбэг байлаа. Үүнээс үүдэж Туул гол олон жилийн дунджийг давж үерлэсэн. Тиймээс нэмээд урд далангийн хувьд чиглүүлэх далангийн суурь хийх ажил эхэлсэн юм. Үерт автахгүй байх тооцоо судалгааг мэргэжлийн хүмүүс хийж, гүүрийн ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна гэв. Энэ дундаа авто замын ажил 80 гаруй хувьтай, далангийн ажил дуусжээ. Хашлага тавих, буталсан чулуун суурийн ажил хийгдэж буй.
Зургаан метрийн өргөнтэй автозам, борооны ус зайлуулах шугам, гэрэлтүүлэг, дугуй болон явган зам гэсэн хэсгээс бүрдсэн цогц бүтээн байгуулалт юм.
Мөн ус суваг, дулааны ажил зэрэг ажил үргэлжилж байна. Есдүгээр сарын 10-наас асфальт хучилтын ажлыг хийхээр төлөвлөжээ. Зорчих хэсгийг есдүгээр сард нээхээр төлөвлөсөн гэж нийслэлийн Замын хөгжлийн газрын, барилга инженерийн байгууламжийн хяналтын хэлтсийн газрын дарга Т.Батбилэг мэдээллээ. Түүний тайлбарласнаар, бүх ажил зураг төслийн дагуу, инженерийн тооцоо судалгаатай. Нийтдээ 391 метрийн урттай гүүр барих ёстой. Бороо, үер уснаас үүдэж хугацаандаа ашиглалтад орох боломжгүй болсон. Тиймээс ирэх аравдугаар сарын 1-ээс зорчих хэсгийг бүрэн нээхээр төлөвлөсөн байна.









