



















Жижиг дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан нэр бүхий 10 хэвлэлтэй шууд гэрээ байгуулж 1.7 тэрбум төгрөгийн санхүүжилт хуваарилсан баримт дэлгэгдлээ. Уг баримт ил болсон нь зарим хэвлэлийн удирдлагуудыг эхнээс нь сандаргаж байгаа бололтой. Нийгмийн сүлжээнд өөрсдийгөө хаацайлж, ийм гэрээ огт хийгээгүй, мэдэхгүй, хараагүй, үзээгүй гэх. Харин Үг.мн сайт ЖДҮГ-ын дарга Я.Эрдэнэсайхантай утсаар холбогдож энэ талаар тодрууллаа. Санхүүжилт аваагүй хэвлэлийн нэрийг оруулна гэж байхгүй гэх тайлбарыг тэрээр өгөөд ажлын өдрөөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөр боллоо. Түүний хэлснээр бол дээрх баримт үнэн болж таарч байна.
1.7 тэрбум төгрөгийн санхүүжилтээс Х.Мандахбаяр ‘’Эрхэт Монгол Медиа групп’’-ээрээ дамжуулан дөрвөн компанидаа нийт 680 сая төгрөг авсан байна. МАН-ын бага хурлын гишүүн Х.Мандахбаяр өөрийн хамаарал бүхий ‘’Нэйшнл сошл медиа ХХК’’, ‘’Эх гоёот медиа групп ХХК’’, ‘’Зиндаа ньюс ХХК’’,’’ Өглөөний сонин паблишинг ХХК’’-даа дээрх санхүүжилтийг авчээ. Х.Мандахбаяр нь Я.Эрдэнэсайханы эхнэртэй хар багын найзууд бөгөөд шар сонин эд мандаж байх үеийн гар нийлж ажилладаг байсан хоёр. Тэрээр эхнэрийнхээ найз Х.Мандахбаярт нийт санхүүжилтийн гуравны нэгээр үерхэлийг нь үнэлжээ.
ЖДҮГ-аас гаргасан шууд гэрээний тушаал гарсан он сарыг нь харвал сонгууль болохоос өмнөхөн бөгөөд Засгийн газрын бодлого шийдвэрийг яаралтай олон нийтэд хүргэх хүрээнд ‘’Шинэ хоршоо хөдөлгөөн’’-ийг сурталчилах гэжээ.
Энэ бол МАН-ын сонгуулийн пи ар-т зориулсан шийдвэр. Тушаал өгсөн хүмүүс нь УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ. Тэгэхээр Я.Эрдэнэсайханд хариуцлага хүлээлгэх нь юу л бол... Гомдолтой үлдсэн хэдэн хэвлэлийнхэн нь л хэсэгтээ бангадаад өнгөрөх биз дээ. Ташрамд дурдахад Я.Эрдэнэсайханыг АТГ-аар шалгуулахад гэмгүй өөр нэгэн баримт бол 2022 онд ЖДҮГ-аас 50 сая төгрөгийн санхүүжилттэй сурталчилгааны тендер зарласан асуудал нь. Уг тендерийг ганцхан ТББ-д зориулсан бөгөөд Я.Эрдэнэсайхан тендер зарласан нэр зүүсэн гэж эх сурвалж өөрийн цахим хуудаснаа нийтэлжээ. Тендер зарлахаас өмнө тухайн ТББ аль хэдийнэ даалгавраа авч хэвлэл мэдээллийн байгууллагуудтай гэрээ хийсэн байж.









