



















Оросын гүн рүү Америкт үйлдвэрлэсэн алсын тусгалтай “ATACMS” пуужингаар цохилт өгөхийг Жо.Байден зөвшөөрлөө. Ингэснээр Орос-Украины дайнд баримталж байгаа АНУ-ын бодлого эрс өөрчлөгдөж байна. Украин улс Жо.Байдены засаг захиргаанаас АНУ-д үйлдвэрлэсэн “ATACMS” пуужингаар Оросын гүнд цохилт өгөх зөвшөөрлийг өмнө нь хэд хэдэн удаа хүсэж байсан ч зөвшөөрөл авч чадаагүй. Харин энэ удаад пуужингийн хязгаарлалтыг цуцалж байгаа нь Хойд Солонгосын 10 гаруй мянган цэрэг Курск хотод байлдааны бэлэн байдалд байгаатай холбоотой гэж CNN онцлов.
Энэ хүч рүү пуужин харвах юм бол Орос-Украины дайн улам хурцдах магадлалтай. Хойд Солонгосын цэргүүд Украины эсрэг байлдахад Оросын армийн "чухал нөөц" болж байгаа учраас Жо.Байден дээрх зөвшөөрлийг олгож байна. Мөн ням гарагт Орос, Украины нийслэл Киев болон ойр орчмын хотуудад пуужин харваж дэд бүтцийн системд нь цохилт өгч, Украины энгийн иргэдэд их хэмжээний хохирол учруулсан юм. Америкийн алсын зайн тусгалт “ATACMS” пуужингаар эхлээд Курск хотод цохилт өгөх төлөвтэй байгааг АНУ-ын тал мэдэгдээд байна. Орос-Украины дайныг улам хурцатгах магадлалтай алсын зайн тусгалт “ATACMS” пуужин 306 км-ын гүнд байг онох чадвартай. Энэ пуужинг өнгөрсөн 4-р сард АНУ-ын ерөнхийлөгч Жо.Байден Украинд нийлүүлэх зөвшөөрлийг нууцаар олгосон байдаг.
Орос-Украины дайны эхний 2 жилд АНУ-ын талаас Украинд “ATACMS” пуужин өгөхөөс татгалзаж байсан. Учир нь “ATACMS” пуужинг үйлдвэрлэхэд маш их цаг хугацаа шаардахаас гадна, нарийн төвөгтэй технологи шаарддаг байна.
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин уг мэдэгдэлд хариу өгөхдөө АНУ болон НАТО Орос-Украины дайнд эртнээс шууд оролцож ирсэн. Энэ удаад Оросын гүнд пуужин харвах юм бол хариу арга хэмжээнд бэлэн байгаагаа мэдэгджээ. “ATACMS” пуужин нь Оросын “Точка У”, “Искандер” эсвэл Украины “Алдер”-тай адил тактикийн пуужингийн ангилалд багтдаг байна.









