



















Сүүлийн арав гаруй хоногийн турш эмийн сангууд бүх эмийг жороор олгодог боллоо гэх иргэдийн шүүмжлэл, гомдол нийгмийн сүлжээгээр өрнөлөө. Тэр ч бүү хэл өрхийн эмчээрээ уух эмнийхээ жорыг бичүүлж, эмч болон эмнэлгийн хоёрын хоёр тамгаар баталгаажуулахгүй л бол зарим эмийн санчид эм олгохгүй байна гэх гомдол хүртэл 11-11 төвд иржээ. Бүр ч болоогүй жирэмслэлтээс хамгаалдаг 72 цагийн эмийг хүртэл жороор олгоно, ингэхдээ өрхийн эмчээрээ жороо бичүүл гэх эмийн санч хүртэл байна.
72 цагийн эмийг жороор олгож байгаа хэрнээ өвчин намдаах ибупрофеныг зарим эмийн сангууд жоргүй олгож байна гэх зэргээр иргэдийг төөрөгдүүлж чадаж байгаа хүмүүс нь эмийн санчид өөрсдөө. Учир нь жороор олгодог, жоргүй олгодог эмийн жагсаалтад огт өөрчлөлт оруулаагүйг ЭМЯ, Эм, Эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газраас мэдэгдэж байна. Эмийн хуулийн шинэчилсэн найруулга энэ сарын нэгнээс хэрэгжсэн. Гэхдээ энэ хуулиар жортой олгох эмийг жороор нь олгох тухай л заалт тусгаснаас бус жортой, жоргүй олгодог эмийн жагсаалтад өөрчлөлт огт оруулаагүй гэдгийг дахин сануулъя. Харин асуудал нь дээрх хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжихтэй зэрэгцээд зөрчлийн тухай хуулиар, хэрвээ жороор олгох ёстой эмийг жоргүй олгосон тохиолдолд өмнө нь 50 мянган төгрөгөөр тухайн эмийн санчийг торгодог байсныг одоо 500 мянган төгрөгөөр торгодог болсонд л асуудал байжээ.
ЭМИЙН САНЧ НАРЫГ АТТЕСТАТЧИЛЪЯ
Тэгэхээр эмийн санчид өөрсдөө 500 мянган төгрөгөөр торгуулахгүй гэсэндээ л эм асуугаад орж ирсэн иргэн бүрээс жор нэхэж зогсоо нь энэ юм байна. Шуудхан хэлэхэд эмийн санчид өөрсдөө ямар эмийг жороор олгодог, ямрыг нь жороор олгодоггүйгээ ч мэддэггүй учраас л иргэдээс жор нэхэж зогсоно хөөрхий. Иргэдийг төөрөгдүүлж бухимдал үүсгэж, явдал чирэгдэл болгуулж байгаа хүмүүс нь ямар ч мэдээлэлгүй эмийн санчид болж таарлаа. Монгол улсад 1154 төрлийн эмийг жоргүй олгодог. Яг л эдгээр эмийг жоргүй олгодог хэвээрээ бөгөөд тухайн эмч нь гарын үсгээ зураад өөрийн тамгаа дарсан л бол эмнэлгийн тамга ч шаардлагагүй гэж байгаа юм. Тэгэхээр энэ бүхний буруутан нь эмийн санчид бөгөөд энэ мэтээр иргэдийг төөрөгдүүлж, явдал суудал болгуулж байгаа тэднийг аттестатчилах шаардлагатайг ч энд сануулъя. Уг нь холбогдох газруудаас нь аль эрт энэ тухай мэдээлэл, сургалт өгч бүр шалгалт, асуумж авч байсан удаатай гэнэ. Гэтэл асуудалд ингэж хандаж байгаа эмийн санчдыг ар өврийн хаалгагүйгээр дахин шалгах л болж таарлаа даа. Үгүй бол тэд өөрсдийгөө хамгаалж байгаа нь энэ гээд шинэ юм сэдэж иргэдэд чирэгдэл, төвөг учруулсан хэвээрээ л байх нь.









