



















Нийгмийн даатгалын салбарын Удирдах ажилтны зөвлөгөөнийг 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдөр танхим болон цахим хэлбэрээр зохион байгууллаа. Зөвлөгөөнийг Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Б.Батжаргал нээж, 2025 оны үйл ажиллагааны үр дүн, нийгмийн даатгалын хууль тогтоомж болон бодлогын зорилтын хэрэгжилтийг эрчимжүүлэхэд тулгамдаж байгаа асуудлууд болон цаашид анхаарах асуудал, 2026 онд хийж хэрэгжүүлэх үйл ажиллагааны зорилго, зорилтын талаар мэдээлэл өгсөн бол Нийгмийн даатгалын ерөнхий газрын холбогдох газрын дарга нар хамаарах чиглэлийн дагуу 2025 онд хэрэгжүүлсэн ажил, үр дүн, цаашид анхаарах асуудлын талаар танилцууллаа.

Нийгмийн даатгалын байгууллага 2025 онд Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг найдвартай, хариуцлагатай, үр өгөөжтэй санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулах замаар нийгмийн даатгалын сангийн чөлөөлт үлдэгдэл болох 700 тэрбум төгрөгийг хадгаламж хэлбэрээр системийн нөлөө бүхий дөрвөн банкинд нэг жилийн хугацаатай байршуулж , өнөөдрийн байдлаар 70.0 тэрбум төгрөгийг хүүгийн орлого аваад байна. Мөн 300.0 тэрбум төгрөгийг 3 жилийн хугацаатай Засгийн газрын үнэт цаасанд хөрөнгө оруулж, өнөөдрийн байдлаар 26.9 тэрбум төгрөгийн хүүгийн орлогоор нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг арвижуулаад байна.
Мөн Капитал банк болон Чингис хаан банкны нийгмийн даатгалын санд төлөх өр төлбөрийг барагдуулах ажлыг эрчимжүүлж ажилласны үр дүнд нийт 207.7 тэрбум төгрөгөөс 58.6 тэрбум төгрөгийг барагдуулсны 33.7 тэрбум төгрөгийг үл хөдлөх хөрөнгөөр, мөнгөн хөрөнгөөр 24.9 тэрбум төгрөгөөр барагдуулсан байна.
Нийгмийн даатгалын үйлчилгээг иргэд, даатгуулагч, ажил олгогч, харилцагчдад ил тод, түргэн шуурхай, үзүүлэх хүрээнд нийгмийн даатгалын үйлчилгээний цахимжилтыг эрчимжүүлж, улсын хэмжээнд нийгмийн даатгалын SICOS системийг нэвтрүүлж, Нийгмийн даатгалын 75 үйлчилгээнээс 46 үйлчилгээг цахимжууллаа.
Нийгмийн даатгалын байгууллага 2026 онд нийгмийн даатгалын хамрах хүрээг өргөтгөх, Капитал, Чингис хаан банктай холбоотой үүссэн өр төлбөрийг барагдуулах, нийгмийн даатгалын шимтгэлийн авлагыг барагдуулах, Нийгмийн даатгалын байгууллагын мэргэшсэн, тогтвортой хүний нөөцийг бүрдүүлэх зорилгоор албан хаагчдыг тасралтгүй сургах, нийгмийн даатгалын мэдээллийн шинэ системийг тогтворжуулах, нийгмийн даатгалын үйлчилгээг бүрэн цахимжуулж, мэдээллийг нийтэд ил тод, үнэн зөв, хүргэх зэрэг зорилтыг дэвшүүлээд байна.









