



















Израил болон ХАМАС бүлэглэл Газын зурваст гал зогсоох эцсийн хэлэлцээг хийж байна. Талууд хэлэлцээнд хүрч Газын зурваст гал зогсох нь бараг тодорхой болж байгааг BBC онцлов.
Газын зурваст гал зогсоох хэлэлцээ Катар, АНУ, Египетийн зуучлалаар болж байна.
Хэрэв талууд хэлэлцээнд хүрч чадвал Хамас бүлэглэл хэлэлцээрийн эхний өдрөөс Израилын барьцааны хүмүүсийг суллаж хариуд нь Израил Газын зурвасаас цэргээ гаргаж мөн Палестин хоригдлуудыг суллаж эхлэх юм.
2023 оны 10-р сарын 7-ны Хамас бүлэглэл Израилыг гэнэдүүлэн довтолж, томоохон зэвсэгт халдага үйлдсэнээр 1200 орчим хүн амь үрэгдэж, 251 хүн барьцаалсан байдаг. Энэ халдлагын хариуд Израилын арми Хамас бүлэглэлийг бүрмөсөн устгах дайн эхлүүлж Газын зурваст гэм зэмгүй олон мянган хүний цус урссаар байна.
2023 оны 10-р сарын 7-ны өдрөөс хойш Газын зурваст 46,700 гаруй энгийн иргэн амь үрэгдсэн бөгөөд үүний 70 орчим хувь нь хүүхэд эмэгтэйчүүд гэх албан мэдээллийг Газын Эрүүл мэндийн яам мэдээлжээ. Гэвч CNN болон бусад эх сурвалжууд Газад амь үрэгдсэн хүмүүсийн тоо хэдийн 70 мянгыг давсан гэжээ.
Дайн хөлд нэрвэгдсэн Газын зурвасыг сэргээн босгоход 350 жил шаардлагатай гэх судалгаа бий. Мөн Газын зурвасаас дүрвэсэн хүмүүсийн тоо 2.3 саяд хүрчээ.









