



















Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо буюу Засгийн газар, нийслэл хамтран 32 мянган "Нүүдэлчин" зуухыг иргэдэд тараахаар тендерээ зарласан байсан юм. Ингэхдээ Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа нарын албаныхан "Нүүдэлчин" гэгдэх энэхүү зуухаа давхар шаталттай тул иргэд гэртээ угаартахаас сэргийлнэ гэж дахин дахин тодотгон тайлбарлаж байлаа. Ингээд эхний ээлжинд туршилтаар 2200 айлд "Нүүдэлчин" зуухаа тараажээ. Эдгээр өрхийн төлөөлөл нь Баянгол дүүргийн 22 дугаар хорооны айл буюу 6 хүний амь эндсэн өрх. Талийгаачдын гэр бүлд дахин дахин гүн эмгэнэл илэрхийлье.
"Нүүдэлчин" зуухтай холбоотой албаны шийдвэрүүдийг он цагийн дарааллаар нь шүүж үзвэл, зургаан иргэн угаартаж амиа алдсаны дараа буюу нэгдүгээр сарын 30-ны өдөр 32 мянган зуух тараах тендерийг цуцлах шийдвэрийг гаргажээ.
Анх “Нүүдэлчин” зуухны талаар Байгаль орчин, уур амсьгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа:
2010 оноос хойш тараасан зуухнууд эвдэрч хуучирч, тал талаас нь утаа гардаг болсон. Тиймээс шинэчлэл хийхгүй бол хүмүүс угаартаж нас барж байна. Монгол инженерийн загвараар давхар шаталттай зуухыг айлууддаа орон нутгийн сангийн хөгжлийн мөнгөөр өгсөн юм билээ. Огт утаа гаргадаггүй зуух байсан. Хамгийн гол нь давхар шаттай тул иргэд гэртээ угаартахаас сэргийлнэ
Харин Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин:
Айлуудыг зайлшгүй угааржилтаас сэргийлэх зорилгоор зуух тараах хэрэгтэй байна. Зорилтот бүлгийн иргэдэд 28.3 тэрбум төгрөгөөр 32 мянган зуух олгохоор төлөвлөж байна
Харин “Нүүдэлчин” зуухтай холбогдуулан “Экоресурс” компанийн гүйцэтгэх захирал Б.Дэлгэрдалай:
Нүүдэлчин" зуухны тендерийг цуцлаад 10-аад хонож байна. Манай зуух нь 100 хувь угаарын хий гаргадаггүй зуух бөгөөд байшинд ашиглах боломжгүй, зөвхөн монгол гэрт галлах заавартай. Тийм нэг ч тохиолдол манай зуух дээр гараагүй.
Мөн "Нүүдэлчин" зуух төслийн менежер нь тайлбарлахдаа, "Манай зуухыг зөвхөн гэрт тавьдаг. Тухайн айл хэрэглэлгүй гаргаад тавьсан байсан" гэжээ. Зуухаас гадна хэрэг гарсаны дараа утаа мэдрэгч ирж суурилсан гэж талийгаачийн нагац ах тайлбар өгчээ.
