



















Францын домогт жүжигчин Жерар Депардьегийн шүүх хурал гурав дахь өдрөө үргэлжилж байна. Түүнийг “Бэлгийн дарамт”-ын хэргээр буруутгаад байгаа юм. Алдарт жүжигчин түүнийг буруутгаад байгаа “Бэлгийн дарамт” үйлдсэн гэх хэргийг үгүйсгэсэн. Тэрээр эмэгтэйчүүд хэт эмзэг болсон бөгөөд түүний үйлдэл бэлгийн дарамт үйлдсэнд орохгүй гэж үзэж байгаагаа илэрхийлсээр байгаа. Өдгөө 76 настай Жерар Депардье бэлгийн дарамттай холбоотой олон тооны хэрэгт буруутгагдсан нь тус улсын кино үйлдвэрлэлийн салбарт эмэгтэйчүүд хэрхэн хамгаалагдаж буй асуудлыг хөндөхөд хүргээд байгаа.
Өнгөрсөн 2021 онд болсон зураг авалтын үеэр Жерар Депардье хоёр эмэгтэйн өгзөг дээр гараа тавьсан нь бэлгийн дарамт үйлдсэн гэх хэрэгт холбогдох гол шалтгаан нь болсон аж.
Хохирогч эмэгтэй "Би ихээхэн цочирдсон юу хэлэхээ ч мэдэхгүй байсан" гэсэн бол Депардье "Бэлгийн дарамт гэдэг бол үүнээс шал өөр илүү ноцтой зүйл байх ёстой... Хүний өгзөг дээр гараа тавих нь бэлгийн дарамтад орохгүй....Ер нь би бэлгийн дарамт гэж мэдэхгүй" гэсэн байна.
Францын эрүүгийн хуулинд хүний өгзөгт тухайн хүний зөвшөөрөлгүй хүрэх, хүчээр эсвэл сүрдүүлж хүрэх нь бэлгийн дарамт үзүүлсэнд тооцдог юм.
#Me Too хөдөлгөөнийг шүүмжиллээ
Шүүх хурал эхэлсэн хоёр дахь өдөр алдарт жүжигчин эмэгтэйчүүдийн #Me too хөдөлгөөнийг шүүмжилсэн байна. Тухайн хөдөлгөөнийг "Хэт их хөөрөл, солиоролд автсан" гэж мэдэгдээд буй.
Шүүх хурлын эхний өдөр хохирогч Амели К-г ташаанаас нь дээш барьсан гэдгээ Депардье хүлээн зөвшөөрсөн ч түүнийг "Бэлгийн дарамт" биш гэсэн байна.
Түүний өмгөөлөгч Жереми Ассус "Мөрдөн байцаагчид түүнд хэрэг тохох гэж оролдож байна" гэж мэдэгдээд байгаа.
Хэрвээ Депардье гэм буруутай гэж тогтоогдвол тав хүртлэх жилээр хоригдох эсвэл 75'000 еврогийн торгууль төлөх болно.
Алдарт жүжигчний хувьд бэлгийн дарамт үзүүлсэн гэсэн хэрэгт анх удаа унаад байгаа биш. Тэрээр өмнө нь 2018 онд жүжигчин Шарлотта Арнолдыг (тухайн үед 22 настай байсан) хүчиндсэн хэрэгт холбогдож байсан удаатай. Парисын прокурорын газар өнгөрсөн жил түүнийг энэ хэргийн улмаас шүүхэд өгөх ёстой гэж мэдэгдсэн ч одоогоор мөрдөн байцаагч уг хэргийг шүүх рүү шилжүүлэх эсэхийг шийдээгүй байгаасаар байгаа ажээ.











