



















'Дэлхий даяар хамгийн эмзэг бүлгийн 14 сая гаруй хүн, тэдний гуравны нэг нь бага насны хүүхдүүд' АНУ-ын гадаад тусламжийг Доналд Трампын Засаг захиргаа зогсоосны улмаас амиа алдаж болзошгүй гэж Мягмар гарагт "The Lancet" сэтгүүл дээр хэвлэгдсэн судалгаанд дурджээ.

2025 оны 1-р сарын 6-нд Өмнөд Суданы Жуба хотод Дэлхийн Хүнсний Хөтөлбөр (WFP)-ийн тараасан хүнсний уутан дээр унтаж буй хүүгийн зураг. © Ясүёоши Чиба

Дэлхийн улстөр болон бизнесийн удирдагчид энэ долоо хоногт Испанид болж буй НҮБ-ын хуралд цугларч, хүнд байдалд орсон тусламжийн салбарыг сэргээхээр зорьж буй үед энэхүү судалгаа нийтлэгдсэн байна.
АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлаг (USAID) нь Доналд Трамп нэгдүгээр сард Цагаан ордонд дахин буцаж ирэх хүртэл дэлхийн хүмүүнлэгийн тусламжийн 40 гаруй хувийг хангаж байсан.
Түүнийг цагаан ордонд ирснээс хоёр долоо хоногийн дараа, тухайн үед Трампын ойрын зөвлөх бөгөөд дэлхийн хамгийн баян хүн Элон Маск уг агентлагийг "Модны үйрмэг болгосон" хэмээн сайрхаж байв.
Судалгааг хамтран хийсэн, Барселонагийн Дэлхийн Эрүүл Мэндийн Хүрээлэнгийн (ISGlobal) судлаач Давидэ Разелла хэлэхдээ,
“Энэ санхүүжилтийн бууралт нь эмзэг бүлгийн хүн амын дунд эрүүл мэндийн салбарт хоёр арваны туршид гарсан ахицыг гэнэт зогсоож, бүр ухраах эрсдэлтэй” гэж анхааруулжээ.
133 орны мэдээлэлд үндэслэн олон улсын судалгааны баг 2001–2021 онд USAID-ийн тусламжаар хөгжиж буй орнуудад 91 сая хүний амь аварсан хэмээн тооцоолжээ.
Мөн АНУ-ын Засгийн газар энэ жил зарласан тусламжийн 83 хувийн бууралтын нөлөөг загварчилж үзэхэд,
2030 он гэхэд 14 сая давсан хүний амь насыг аврах боломжгүй болж болзошгүй гэсэн дүн гарсан байна. Үүнээс 4.5 сая нь тав хүртэлх насны хүүхдүүд бөгөөд жилд ойролцоогоор 700,000 хүүхдийн амь гэсэн үг юм.
Харьцуулбал, Дэлхийн I дайнд 10 сая орчим цэрэг амиа алдсан байдаг.
USAID-ийн дэмжлэгтэй хөтөлбөрүүд нь бүх шалтгаант нас баралтыг 15 хувиар бууруулсан бол тав хүртэлх насны хүүхдүүдийн нас баралт хоёр дахин өндөр буюу 32 хувиар буурсан байжээ.

Тус байгууллагын тусламжийн хөтөлбөр халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх талд ихээхэн үр дүн гаргаж байсан.
USAID-ийн дэмжлэгийг илүүтэй авсан орнуудад ДОХ/ХДХВ-ын нас баралт тусламжгүй орнуудтай харьцуулахад 65 хувиар бага, хумхаа болон халдварт тропикийн өвчний нас баралт бараг хоёр дахин буурсан байна.
USAID-ийн санхүүжилт хумигдсаны дараа ХБНГУ, Их Британи, Франц зэрэг олон чухал хандивлагч орнууд гадаад тусламжаа бууруулах төлөвлөгөөгөө зарласан.
ISGlobal-ийн судлаач Катерина Монтигийн хэлснээр энэ бууралтууд, ялангуяа Европын Холбооны хүрээнд, “Ирэх жилүүдэд илүү олон хүн нас барах эрсдэл”-ийг дагуулж болзошгүй байна.
USAID-ийн захирал асан энэ байдлыг “Удаан үргэлжлэх гамшиг” хэмээн тодорхойлжээ.
Хэдий тийм боловч эдгээр харанхуй таамаглалууд нь өнөөгийн амласан тусламжийн хэмжээнд үндэслэсэн тул нөхцөл байдал өөрчлөгдвөл түргэн сайжрах боломжтой гэж судлаачид онцолж байна.
Энэ долоо хоногт Испанийн Севиль хотод сүүлийн 10 жилийн хамгийн том хүмүүнлэгийн тусламжийн чуулга уулзалт болж байна. Харамсалтай нь АНУ оролцоогүй.
“Одоо бол тусламжийг багасгах бус, нэмэх цаг нь” гэж Разелла уриалжээ.
АНУ-ын холбооны төсвийн ердөө 0.3 хувийг эзэлдэг байсан USAID-ийн өмнөх санхүүжилт,
“АНУ-ын нэг иргэн өдөрт ойролцоогоор 17 цент, жилд 64 доллар төлдөг байсан” хэмээн Калифорнийн Их Сургуулийн судлаач Жэймс Макинко хэлжээ.
“Ийм бага хэмжээний хандив хэдэн сая хүний амийг аврах боломжтой гэдгийг мэдвэл олон хүн USAID-ийг дэмжих байсан нь гарцаагүй” хэмээн тэрээр нэмж хэлсэн юм











