



















Аргентины болон Дэлхийн анхны Либертари үзэлтэй Ерөнхийлөгч Хавьер Милейн хэмнэлтийн бодлогын үр дүнд Аргентин улсын төсөв сүүлийн 14 жилд анх удаа илүүдэлтэй гарлаа. Тус улсын төсвийн ашиг бүтэн жилийн хугацаанд 1.76 их наяд песо буюу дотоодын нийт бүтээгдэхүүний (ДНБ) 0.3 хувьтай тэнцэж байна гэж Аргентины Эдийн засгийн яам мэдээлэв.
Мөн Хавьер Милейгийн засгийн газрын бодлого шийдвэрүүдийн үр дүнд гадаад худалдааны ашиг түүхэн дээд амжилт тогтоогоод байна.
Өнгөрсөн 2024 онд Аргентин улс гадаад худалдааны салбараас 19 тэрбум долларын ашиг олжээ. Тэгвэл Хавьер Милей засгийн эрхэнд гарахын өмнөх жил буюу 2023 онд тус улсын гадаад худалдааны алдагдал 7.94 тэрбум байв.
Энэ үзүүлэлт нь Аргентины гадаад худалдааны түүхэн дэх 2009 оны амжилтыг эвджээ. Тус улсын гадаад худалдааны салбар 2009 онд 17 тэрбум долларын ашигтай ажиллаж байсан юм.
Инфляцийг бууруулах зорилт тавиад буй Хавьер Милейн засгийн газар зорилтдоо хүрч байгаагаа мөн мэдэгдлээ. Түүний цомхон засгийн газар ажлаа авах үед инфляци 300 хувь давж байсан бол өнөөдөр 117.8% хүртэл буураад байна.
Гиперинфляцийн эсрэг Хавьер Милейн шок эмчилгээний үр дүнд Аргентины эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд тогтворжиж, зах зээл илт сэргэж эхэлжээ. Гэвч Аргентинчуудын амьдралд гарч буй гэнэтийн өөрчлөлт, ажилгүйдэл, ядуурал ойролцоогоор 5 жилийн дараа тогтворжих магадлалтай гэж шинжээчид үзэж байна.
"Төрд мөнгө байхгүй” -Хавьер Милей.









