



















БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун агаарын довтолгооноос хамгаалах хоёр шинэ пуужингийн туршилтыг удирдан явуулсан тухай тус улсын төв хэвлэл мэдээллээ. Энэхүү туршилтаар шинэ зэвсэг “Дээд зэргийн байлдааны чадвартай” болохыг харуулсан гэж төв хэвлэл онцолсон байна.
Шинэ зэвсгийн туршилтын талаарх мэдээлэл нь АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп маргааш БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Жэ Мён-тэй Вашингтонд уулзахаас өмнөхөн гарлаа.

Хойд Солонгосын Төв Мэдээллийн Агентлаг (KCNA)-ын мэдээлснээр, бямба гарагт болсон туршилтаар уг пуужингууд нь халдлагын зориулалттай нисгэгчгүй онгоц, далавчит пуужин зэрэг агаарын байг “маш хурдан” илрүүлж устгах чадвартай болохыг харуулсан байна. Мэдээнд шинэ пуужингийн техникийн үзүүлэлтийн талаарх мэдээлэл өгсөнгүй. Зөвхөн тэдгээрийн “үйл ажиллагаа, хариу арга хэмжээний горим нь өвөрмөц, онцгой технологид тулгуурласан” гэж онцолсон байна. Туршилтыг хаана хийсэн талаар ч дурдаагүй юм.
Мөн энэ туршилт нь Өмнөд Солонгос, АНУ-ын жил бүрийн хамтарсан цэргийн сургуулилттай давхцаж байгаа бөгөөд өнгөрсөн мягмар гарагт Өмнөдийн арми түр хугацаанд хил давж орсон хэд хэдэн Хойд Солонгосын цэргүүд рүү анхааруулга өгч буудсан тухай мэдээлсэн билээ.
Өмнөд Солонгост байрлаж буй НҮБ-ын командлалын мэдээлснээр, хил давагчдын тоо 30 байсан гэж Ёнхап агентлаг мэдээлжээ. Харин Хойд Солонгосын улсын төв хэвлэл хоёр улсын хээрийн суургуулилтын талаар дэслэгч генерал Ко Жон Чолын мэдэгдлийг иш татан, уг явдлыг “урьдчилан төлөвлөсөн, зориудын өдөөн хатгалга” гэж нэрлэсэн байна.
Тэрээр “Энэ бол өмнөдийн хил орчимд их хэмжээний цэргийн хүч харилцан сөргөлдөж буй нөхцөл байдлыг хяналтгүй байдалд хүргэх зайлшгүй ноцтой эхлэл” хэмээн анхааруулжээ.
Энэ сарын эхээр Ким Жон Ун АНУ, Өмнөд Солонгосын хамтарсан сургуулилтыг “Манай улсад хамгийн их дайсагнасан, сөргөлдөх байр суурь хэвээр байгаагийн илрэл” гэж буруутган, цөмийн хүчний бүтээн байгуулалтыг хурдасгах болно гэж амласан билээ.
Өмнөд Солонгосын шинэ удирдагч Ли Жэ Мён цөмийн зэвсэгтэй хөрштэй харилцаагаа дулаацуулахыг эрмэлзэж, “Цэргийн итгэлцэл” бий болгоно гэж амалсан боловч Пёньян харилцаагаа сайжруулах ямар ч сонирхолгүйгээ илэрхийлсэн юм.









