



















Гол агуулга:
Шанхайн хувьцааны зах зээл эдийн засаг уналттай байсан ч 10 жилийн дээд түвшиндээ хүрэв.
Жижиг хөрөнгө оруулагчдын “галзуурал” харагдахгүй байгаа нь хөөс үүсэх эрсдэл бага гэдгийг шинжээчид онцолж байна.
Хятадын өрхүүдийн хадгаламж болох 160 их наяд юань хөрөнгийн зах зээл рүү чиглэж болзошгүй.
БНХАУ-ын хөрөнгийн зах зээл төрийн мөнгөн дэмжлэг болон томоохон байгууллагуудын хөрөнгө оруулалтын тусламжтайгаар хүчтэй өсөж байна. Шинжээчдийн хэлснээр жижиг хөрөнгө оруулагчдын эйфорийн (Хөрөнгө оруулагчид бодит эрсдэлийг тоохгүй, бүгд ашиг олно гэсэн хэт өөдрөг үзэлд автаж “хувьцаа байнга өснө” гэж итгэж буй үеийг хэлдэг) шинж тэмдэг харагдахгүй байгаа нь эдийн засаг хүндхэн нөхцөлд байгаагаас үл хамааран өсөлт үргэлжлэх боломжтойг харуулж байгаа аж.
Шанхайн хөрөнгийн гол индекс болох Shanghai Composite Index (.SSEC) дөрөвдүгээр сараас хойш 25%-иар өсөж, 10 жилийн дээд түвшинд хүрсэн нь үл хөдлөх хөрөнгийн хямрал, сул хэрэглээ, дефляцийн хямралд нэрвэгдсэн БНХАУ-ын эдийн засагтай эрс зөрчилдөж байна.

Шинжээчид өөдрөг хүлээлттэй байгаа. Учир нь одоогоор өсөлтийг улсын хөрөнгө, даатгалын сан болон бусад институцийн хөрөнгө оруулалт авч явж байгаа бөгөөд жижиг хөрөнгө оруулагчдын оролцооны эхний шинж тэмдэг л харагдаж байгаа аж.
“Хөрөнгийн үнэ өсөхөд эдийн засаг заавал хүчтэй байх албагүй. Шинэ мөнгө орж ирэхэд үнэлгээ өснө” гэж Шанхайд төвтэй Leader Capital-ийн хөрөнгө оруулалтын менежер Чэн Хаоян хэлэв. “Мөнгө олох нөлөө одоо л тодорч эхэлж байна. Хүмүүс бүгд л хувьцаа авах гэж тэмүүлж буй дүр зураг харагдахгүй байгаа нь биднийг жаахан илүү зоригтой болгож чадна.”
БНХАУ-ын өрхүүд сул эдийн засгийн орчинд мөнгөө зарцуулах, хөрөнгө оруулахыг хойшлуулсаар байгаад нийт 160 их наяд юань (22.3 их наяд ам.доллар) хадгаламжтай болжээ. Энэ нь 10 жилийн өмнөхөөс гурав дахин өссөн үзүүлэлт бөгөөд Хятадын нийт хөрөнгийн зах зээлийн үнэлгээнээс 60%-иар их дүн юм.
Гэсэн хэдий ч тэр их мөнгөний нэг хэсэг нь банкуудаас гарч, арилжааны данс руу шилжиж эхэлсэн байна. 7-р сард хувь хүмүүсийн хадгаламж 1.1 их наяд юаниар буурсан бол банк бус санхүүгийн байгууллагад хийсэн хадгаламж 2.1 их наяд юаниар өсжээ.
“Манай үйлчлүүлэгчид хадгаламж болон бондноос мөнгөө татаж байна. Учир нь хүү байнга буурч байгаа” гэж Шанхайн Citic Securities-ийн менежер Макс Гу ярив.
Шинжээчдийн тооцоогоор:
Kaiyuan Securities: энэ жил болон ирэх жил хугацаа нь дуусах 2.1 их наяд юанийн хадгаламж хувьцаа, хөрөнгө оруулалтын сан руу чиглэж болзошгүй.
Sealand Securities: жижиг хөрөнгө оруулагчдын “хуурай дарь” буюу хөрөнгийн боломжит нийлүүлэлт 1.84 их наяд юань байна гэж үзжээ.
БНХАУ-ын 10 жилийн хугацаатай төрийн бондын өгөөж ердөө 1.7%, харин нэг жилийн хугацаатай банкны хадгаламжийн хүү 1%-иас доош байгаа бол томоохон CSI300 индексийн ногдол ашгийн өгөөж сүүлийн өсөлтөөс хойш ч 2.5%-тай байна.
“Нэг мөчид зах зээлийн өсөлт шинэ хөрөнгө оруулагчдыг татаж, шинэ хөрөнгийн урсгал үүсгэн, өөрөө өөрийгөө тэтгэх үйл явц болж хувирч магадгүй” гэж Nomura-гийн шинжээчид тайландаа тэмдэглэжээ.
Одоогийн өсөлтийг 2015 оны зах зээлийн тэсрэлттэй харьцуулж байгаа ч шинжээчид энэ удаа нөхцөл байдал өөр гэж үзэж байна. Тэр үед богино хугацааны жижиг хөрөнгө оруулагчдын зээлтэй мөнгө их хэмжээгээр орж ирээд, дараа нь хурдацтай гарснаас зах зээл нурсан билээ.
Харин энэ удаад өсөлтийг голчлон урт хугацааны институцийн хөрөнгө, төрийн дэмжлэгтэй сангууд, мөн хиймэл оюун ухааны DeepSeek компанийн амжилтад итгэх итгэл, АНУ-Хятадын худалдааны дайны зогсонги байдал зэрэг хүчин зүйл дэмжиж байна.
Гэсэн ч эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд сул байхад хөрөнгийн зах зээлийн өсөлт эрс нэмэгдэж буй нь бодлого тодорхойлогчдын хувьд хоёрдмол байдал үүсгэжээ. Тэд эдийн засгийг дэмжих шинэ арга хэмжээ авахдаа хөрөнгийн зах зээлийн хөөс үүсгэх эрсдэлийг тооцох шаардлагатай.
Nomura: “Хэрэв хэтэрхий хурдан эдийн засгийг дэмжих бодлого хэрэгжүүлбэл зах зээлийн хөөсийг улам томруулж болзошгүй. Харин юу ч хийхгүй бол эдийн засгийн уналт гүнзгийрч мэднэ” гэж анхааруулжээ.
Citic-ийн Гу: “Жижиг хөрөнгө оруулагчдын галзуурал бараг харагдахгүй байна. Олон сан одоогоор алдагдалтай хэвээр, олон хөрөнгө оруулагчид өмнөх алдагдлаасаа болоод итгэлзгүй хэвээр байна” гэж хэлжээ.
Статистик:
Шанхайн Хөрөнгийн Биржийн мэдээлснээр 7-р сард 1.9 сая шинэ жижиг данс нээгдсэн. Энэ нь 2015 оны оргил үед сар бүр нээгдэж байсан 7 сая данснаас хавьгүй бага.
Хятадын өдөр тутмын арилжааны эргэлт дараалан 11 өдөр 2 их наяд юаниас давсан нь түүхэндээ хамгийн урт хугацааны өндөр үзүүлэлт болов.
Маржин арилжааны нийт үлдэгдэл 2.1 их наяд юаньд хүрч, 10 жилийн дээд түвшинд очсон ч зах зээлийн нийт үнэлгээний зөвхөн 2.2%-ийг эзэлж байна. Энэ нь 2015 онд байсан түвшний тэн хагас юм.
Швейцарийн хувийн банк Lombard Odier-ийн Сингапурт байрлах стратегич Хомин Ли:
“Хэдийгээр 2025 он дангаараа сэтгэл хөдөлгөм харагдаж байгаа ч урт хугацааны түүхийг харвал хөрөнгийн зах зээл Хятадын хөрөнгө оруулагчдын хувьд маш муу хөрөнгө оруулалт салбар байсан” гэж анхааруулав.
Валютын ханш:
$1 = 7.1651 юань









