АНУ-ын Төв банкны (Холбооны Нөөцийн Сан (ХНБ)) Нээлттэй Зах Зээлийн Хороо энэ долоо хоногт хуралдах товтой байгаа. Хурлын өмнө бондод хөрөнгө оруулагчид маш болгоомжтой байр суурь баримталж байна. Учир нь инфляцын төлөв дахин тодорхойгүй болж, бодлогын хүүгийн цаашдын чиглэл бүрхэг болсон тул хөрөнгө оруулагчид чанартай хөрөнгөд төвлөрч, ихээхэн эрсдэлтэй томоохон хөрөнгө оруулалт хийхээс татгалзаж байгаа юм.

Ихэнх шинжээчид ХНБ хоёр өдөр үргэлжлэх хурлынхаа дараа лхагва гарагт бодлогын хүүг 3.50–3.75 хувийн түвшинд хэвээр үлдээнэ гэж үзэж байгаа юм. Гэвч энэ сарын эхээр газрын тосны үнэ огцом өссөнөөр инфляц өсөх эрсдэл үүссэн нь хэдхэн долоо хоногийн өмнө бараг тодорхой мэт харагдаж байсан "Хүүг өөрчлөхгүй" гэсэн төсөөллийг эргэлзээтэй болгожээ.
Зургадугаар сард АНУ-ын хэрэглээний үнийн индекс (инфляц) 3.5 хувь болж саарсан ч энэ нь ХНБ-ны зорилтот 2 хувиас нэлээд өндөр хэвээр байна. Үүн дээр АНУ, Иран улсын хурцадмал байдал дахин нэмэгдэж, газрын тосны үнэ өсөх эрсдэл бий болсон нь инфляцыг дахин хөөрөгдөж болзошгүй гэж хөрөнгө оруулагчид болгоомжилж байна.
Ийм тодорхойгүй нөхцөлд хөрөнгө оруулалтын сангийн менежерүүд урт хугацаатай бондын эзэмшлээ эрс нэмэх, эсвэл компанийн бонд зэрэг хөрөнгөд хөрөнгө оруулах хангалттай үндэслэл харахгүй байна. Харин тэд хөрвөх чадвар өндөртэй, уян хатан багц бүрдүүлэн инфляц болон хөдөлмөрийн зах зээлийн дараагийн мэдээллийг хүлээж байгаа аж.
Энэ болгоомжлолыг JPMorgan банкны хамгийн сүүлийн хийсэн АНУ-ын Засгийн газрын үнэт цаасны харилцагчдын судалгаа мөн баталжээ.
Судалгаагаар хөрөнгө оруулагчдын урт, богино болон төвийг сахисан байр суурь өмнөх долоо хоногтой харьцуулахад бараг өөрчлөгдөөгүй байна.
BNY-ийн хөрөнгө оруулалтын ахлах захирал Жэйсон Гранет:
Одоогийн орчинд хөрөнгө оруулагчид томоохон байр суурь эзлэх хөрөнгөнд хөрөнгө оруулах нь зөв цаг биш. Зах зээл аль ч чиглэлд эргэж болзошгүй бодит боломжтой.
гэжээ.
Тэрээр урт хугацаанд хүү өсөх төлөвтэй хэвээрээ гэж үзэж байгаа ч зөвхөн энэ долоо хоногийн ХНБ-ны шийдвэр дээр үндэслэн их хэмжээний бооцоо тавих нь оновчтой биш гэжээ.
Хоёр долоо хоногийн өмнө тэрээр энэ удаагийн хурлыг онцын нөлөөгүй өнгөрнө гэж үзэж байсан ч газрын тосны үнийн өсөлтөөс шалтгаалсан инфляцын шинэ эрсдэлүүд нөхцөл байдлыг өөрчилсөн юм.
Оны эхэнд зах зээл ХНБ-ыг хоёроос гурван удаа бодлогын хүүгээ бууруулна гэж үзэж байсан бол одоо эсрэгээрээ хүлээлт огцом өөрчлөгджээ. CME FedWatch мэдээллээр даваа гарагийн байдлаар энэ долоо хоногт хүү өсгөх магадлал 36 хувь болсон нь долоо хоногийн өмнөх 16 хувиас эрс өссөн байна.
Шинжээчид 2026 оны эцэс гэхэд нийт 43 суурь нэгжээр хүү нэмэгдэнэ хэмээн тооцжээ.
Schroders компанийн АНУ-ын тогтмол орлоготой хөрөнгө оруулалтын албаны дарга Нейл Сазерленд:
ХНБ яг ямар шийдвэр гаргах нь хамгийн сонирхолтой зүйл биш. Харин дараагийн алхам хийх босго нь дээшилсэн үү, эсвэл буурсан уу гэдэг хамгийн чухал.
гэсэн байна.

🚂 2026 онд "Монголын төмөр зам" ТӨХК өөрийн эзэшлийн суурь бүтцээр 8 сая тонн ачаа тээвэрлээд байна.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿
Хүү нэмэх нь газрын тосны үнийн өсөлтийг шийдэж чадахгүй. Гэсэн хэдий ч бүх хөрөнгө оруулагчид зах зээлийн энэ хүлээлтийг хуваалцахгүй байна.
AllianceBernstein-ийн АНУ-ын ахлах эдийн засагч Эрик Виноградын хэлснээр, тэд ХНБ дахин хүү нэмнэ гэж огтхон ч хүлээхгүй байгаа аж.
Учир нь инфляцын сүүлийн үзүүлэлт хүлээлтээс бага гарсан, хөдөлмөрийн зах зээл тогтвортой байгаа нь нэмэлт мөнгөний хатуу бодлого хэрэгжүүлэх шаардлагыг бууруулж байгаа гэж үзэж байна.
Тэрээр:
Инфляцын сүүлийн тайлан эерэг байсан. Хөдөлмөрийн зах зээл тогтвортой байна. Харин сүүлийн үеийн инфляцын дарамтын ихэнх нь газрын тосны үнэ өссөнтэй холбоотой нийлүүлэлтийн шок бөгөөд мөнгөний бодлого үүнийг үндсэндээ шийдэж чаддаггүй.
гэжээ.
Виноградын үзэж байгаагаар АНУ-ын Засгийн газрын бондын өгөөж сүүлийн үед өссөн нь газрын тосноос үүдсэн инфляцын айдсаас илүүтэй бодит өгөөж (инфляцыг хассан өгөөж) нэмэгдсэнтэй холбоотой.
Энэ нь хөрөнгө оруулагчид хиймэл оюун ухаан болон хөрөнгө оруулалтын өсөлтийн ачаар АНУ-ын эдийн засаг хүчтэй өснө гэж үзэж байгааг илэрхийлж байна.
Түүний хэлснээр, "ХНБ ойрын үед хөдөлгөөн хийхгүй, эдийн засгийн өсөлтийн хүлээлт сайжирсан, бодит өгөөж өссөн" гэсэн энэ хослолыг тодотгож өгснөөр бондын хугацааны эрсдэлийг удирдахад маш төвөгтэй орчин бүрдүүлж байна.
Хөрөнгө оруулагчид чанартай, тогтмол орлоготой хөрөнгөд илүү төвлөрч байгаа аж. Зах зээл бодлогын хүү буурна гэсэн хүлээлтээс хүү өснө гэсэн хүлээлт рүү шилжсэнтэй холбоотойгоор Schroders-ийн Сазерленд мөн хугацааны эрсдэлийн хувьд төвийг сахисан байр суурь баримталж байна.
Тэрээр компанийн бондоос хөрөнгөө хэсэгчлэн гаргаж, үнэт цаасаар баталгаажсан хөрөнгө, ипотекийн үнэт цаас болон зарим орон нутгийн захиргааны бондод хөрөнгө оруулж байгаа бөгөөд эдгээрээс 5.5–6 хувийн өгөөжтэй өндөр чанартай багц бүрдүүлэх боломжтой гэж үзжээ.
Тэрээр:
Компанийн бондын өгөөжийн зөрүү түүхэн дээд үнэд хүрч, хэт өндөр үнэлгээтэй болсон.
гэж онцолжээ.
Харин хөрөнгө удирдлагын Nuveen компанийн тогтмол орлоготой хөрөнгө оруулалтын стратегийн тэргүүн Тони Родригез ихэнх багцдаа мөн төвийг сахисан байр суурь баримталж, урт хугацааны бус харин богино болон дунд хугацааны АНУ-ын Засгийн газрын бондыг илүүд үзэж байна.
Түүний хэлснээр:
"ХНС ойрын үед хүү бууруулахгүй учраас богино болон дунд хугацааны Засгийн газрын бондууд бидэнд илүү сонирхолтой харагдаж байна."
Мөн компанийн бондын өгөөжийн зөрүү олон салбарт эдийн засгийн маш өөдрөг төсөөллийг аль хэдийн үнэд шингээсэн тул зээлийн эрсдэлийг хүчтэй нэмэгдүүлэх шаардлагагүй гэж тэр үзэж байна.
Эдийн засгийн тодорхойгүй байдал үргэлжилж, ХНС-гийн бодлогын цаашдын чиглэл дээр нэгдсэн ойлголт байхгүй хэвээр байгаа учраас хөрөнгө оруулагчид тогтмол орлоготой хөрөнгийн зах зээлд өргөн хүрээтэй эрсдэл авахын оронд үнэт цаасыг маш нарийн сонгон хөрөнгө оруулах шаардлагатай гэж онцолж байна.
Сазерленд үүнийг дүгнэн:
"Тодорхойгүй байдал асар их байна. Тиймээс тогтмол орлоготой хөрөнгө дотор ч эрсдэлээ хаана хуваарилахаа маш няхуур сонгох хэрэгтэй."









