
📌Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан өнөөдөр (2026.08.03) Зам, тээврийн яамны "Хөсөг" танхимд Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалтад оролцож буй гүйцэтгэгч болон туслан гүйцэтгэгч дотоодын аж ахуйн нэгж, компаниудын удирдлага, инженер, техникийн ажилтнуудтай өргөтгөсөн уулзалт хийж, төслийн хэрэгжилтийн явц, тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцлээ.
📌Уулзалтын үеэр бүтээн байгуулалтын ажлын явц, гүйцэтгэл, байгууллагуудын уялдаа холбоо, тулгамдаж буй асуудлыг танилцуулж, төслийг товлосон хугацаа, төлөвлөгөөний дагуу чанарын өндөр түвшинд, хугацаанд нь ашиглалтад оруулахын тулд бүх шатны байгууллага, гүйцэтгэгч компаниуд хамтын ажиллагаагаа улам сайжруулж, бүтээн байгуулалтын ажлыг улам эрчимжүүлэх шаардлагатайг онцоллоо.
📌Өнөөдрийн байдлаар төслийн доод бүтцийн ажил дуусаж, дээд бүтцийн барилга угсралтын ажил ид үргэлжилж байна. Иймд дээд бүтцийн ажлыг технологийн горим, чанарын шаардлагын дагуу эрчимтэй зохион байгуулж, ажлын уялдаа холбоог сайжруулан төлөвлөсөн хугацаанд нь дуусгахыг сайд үүрэг болголоо.

🚂 2026 онд "Монголын төмөр зам" ТӨХК өөрийн эзэшлийн суурь бүтцээр 8 сая тонн ачаа тээвэрлээд байна.
📌Мөн төслийн бүтээн байгуулалтад идэвх санаачилгатай, үр бүтээлтэй ажиллаж, хариуцсан ажлаа хугацаанд нь чанартай гүйцэтгэсэн төмөр замчдын цалин хөлсийг цаг алдалгүй олгохыг гүйцэтгэгч компаниудын удирдлага, санхүүгийн албанд санууллаа.
📌Түүнчлэн төслийн чухал цэгүүдэд ажиллаж буй компаниуд хүн хүч, техник хэрэгслийн зохион байгуулалтаа сайжруулж, сул зогсолт гаргахгүй, бүтээмжээ нэмэгдүүлэх, ажил удаашралтай байгаа хэсгүүдэд нэмэлт компани, техник, ажиллах хүчийг шуурхай дайчлан бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо.

📌Уулзалтын үеэр гүйцэтгэгч болон туслан гүйцэтгэгч компаниуд тулгамдаж буй асуудлаа танилцуулж, Зам, тээврийн сайд болон Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргын хамт санал солилцож, шийдвэрлэх арга хэмжээний талаар хэлэлцлээ.
📌Өнөөдрийн байдлаар Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад дотоодын 50 гаруй аж ахуйн нэгжийн 3000 орчим ажилтан, 1500 гаруй техник, тоног төхөөрөмж дайчлагдан ажиллаж байна.
📌Уулзалтын төгсгөлд Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан бүтээн байгуулалтад оролцож буй инженер, техникийн ажилтнууд, төмөр замчид болон дотоодын аж ахуйн нэгжүүдийн хамт олонд талархал илэрхийлж, ажлын амжилт хүсээд, цаашид төслийн явцад тогтмол хяналт тавьж, тулгамдсан асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэн нягт хамтран ажиллахаа илэрхийллээ.










