
2025 онд Монгол Улсын эрчим хүчний системийг БНХАУ-ын Өвөр Монголын эрчим хүчний системтэй зэрэгцээ ажиллагаанд холбох хамтын ажиллагааны гэрээ, хэлэлцээрийг байгуулж, техник, технологийн шаардлагыг хангах ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлсэн. Энэ хүрээнд 220 кВ-ын “Зэс Оюу” ил хуваарилах байгууламжийг техникийн комисс хүлээн авч, 2026 онд албан ёсоор ашиглалтад орлоо.
Энэхүү бүтээн байгуулалт нь Монгол Улсын эрчим хүчний системийн найдвартай ажиллагааг бэхжүүлэх, өсөн нэмэгдэж буй хэрэглээний ачааллыг хуваалцах, улсын эрчим хүчний салбарын хөгжилд стратегийн ач холбогдол бүхий томоохон төсөл болж байна.
“Зэс Оюу” ил хуваарилах байгууламж ашиглалтад орсноор Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн системийг Өвөр Монголын эрчим хүчний системтэй зэрэгцээ ажиллагаанд холбох техникийн боломж бүрдэх юм. Ингэснээр Өвөр Монголын Өөртөө Засах Орноос нэмэлт эрчим хүч импортлон, Өмнөд бүсийн хэрэглэгчдийг найдвартай хангах нөхцөл бүрдэж улсын эрчим хүчний нэгдсэн сүлжээний тогтвортой ажиллагаа улам сайжрах юм.

🚂 2026 онд "Монголын төмөр зам" ТӨХК өөрийн эзэшлийн суурь бүтцээр 8 сая тонн ачаа тээвэрлээд байна.
Оюу толгойн уурхайн цогцолборт байрлах тус байгууламж нь 220 кВ-ын 6-н оруулгатай иж бүрэн станц бөгөөд 9 км урт цахилгаан дамжуулах агаарын шугамтай хамт баригдсан. Ингэснээр төвийн бүсийн эрчим хүчний системийн ачааллыг бууруулж, цахилгаан эрчим хүчний хязгаарлалтыг багасган, хэрэглэгчдийг илүү найдвартай эрчим хүчээр хангах боломжийг бүрдүүлж байна.
Түүнчлэн Оюу толгойн уурхайн цахилгаан хангамжийг Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн системтэй холбох техникийн боломжийг бүрдүүлснээр ирээдүйд уурхайн өсөн нэмэгдэх эрчим хүчний хэрэгцээг дотоодын эх үүсвэрээр хангах зорилтыг хэрэгжүүлэх суурь нөхцөл бүрдэх юм.
Шинэ эх үүсвэрүүдийг сүлжээнд холбох, өргөтгөх боломжийг тооцон төлөвлөсөн энэхүү төсөл нь эрчим хүчний салбарын урт хугацааны хөгжлийг дэмжих томоохон хөрөнгө оруулалт юм. Бүтээн байгуулалтын ажилд үндэсний 20 гаруй аж ахуйн нэгж, 2,000 гаруй инженер, техникийн ажилтан оролцож, хөдөлмөрийн аюулгүй байдлыг бүрэн ханган, осол гэмтэлгүйгээр ашиглалтад оруулсан байна.
“220 кВ-ын Зэс Оюу” ил хуваарилах байгууламж ашиглалтад орсноор Өмнөговь аймаг цахилгааны найдвартай, тасралтгүй хангамжтай болох нөхцөл бүрдэж, ОХУ болон БНХАУ гэсэн хоёр улсын эрчим хүчний эх үүсвэрээс цахилгаан эрчим хүч авах боломжтой боллоо.
Эх сурвалж: Өмнөговь аймгийн засаг даргын тамгын газар










