



















Сүүлийн үед тааруухан үзүүлэлттэй байсан БНХАУ-ын хөрөнгийн зах зээл сэргэх хандлагатай болж, худалдааны дайн, хэт үйлдвэрлэлтэй холбоотой эрсдэлүүд үргэлжилж байгаа ч өсөлт ажиглагдаж эхэлсэн байна.
Capital Economics-ийн үзэж байгаагаар, БНХАУ-ын хувьцааны талаарх хөрөнгө оруулагчдын хандлага сайжирч байгаа нь АНУ хагас дамжуулагчийн хязгаарлалтаа зөөлрүүлсэнтэй болон БНХАУ-ын Засгийн Газраас үнийн дайнд болон хэт үйлдвэрлэлийн асуудалд илүү идэвхтэй оролцож буйтай холбоотой ажээ.

Өмнө нь БНХАУ-ын хөрөнгийн зах зээл, түүн дундаа технологийн салбар нь дэлхийн бусад хөрөнгийн зах зээлээс хоцорч өссөн үзүүлэлттэй байсан. 2025 оны эхний улиралд технологийн хувьцаа хүчтэй өссөн ч АНУ-ын татвар, экспортын хяналт, дотоодын нийлүүлэлтийн илүүдэл зэрэгтэй холбоотой айдас үүсэж, өсөлт зогссон юм.
Даваа гарагт гаргасан Capital Economics-оос гаргасан тайланд, "Өндөр түвшний чипэд хандах АНУ-ын хязгаарлалт зөөлөрсөн нь технологийн хувьцааны өсөлтөд тус болсон" гэжээ. Мөн "Ерөнхийлөгч Ши Жиньпин өөрийн биеэр" эдийн засгийн дахин тэнцвэржүүлэлтийн асуудалд анхаарал хандуулж буй нь хувьцааны өсөлтөд дэмжлэг үзүүлж байж магадгүй гэж дурдсан байна.
Тус судалгааны байгууллага хөрөнгийн зах зээл цаашид сайн үр дүн үзүүлэх хандлагатай гэж үзэж байгаа бөгөөд үүнийг үнэлгээний түвшин харьцангуй доогуур байгаагаар тайлбарлажээ.
"БНХАУ-ын хувьцааны талаарх хөрөнгө оруулагчдын сэтгэл зүй одоогоор харьцангуй гутранги хэвээр байгаа нь үнэлгээний түвшнээс харагдаж байна. Гэхдээ томоохон эргэлт гарахгүй байсан ч гэсэн хөрөнгө оруулагчдын хандлага сайжрах боломж бий" гэж тайланд дурджээ.
Түүнчлэн технологийн салбарт чиглэсэн дэмжлэгийн бодлого үргэлжилж буйг онцолсон байна.
"Бидний үзэж байгаагаар, технологийн салбар цаашид ч бодлогын дэмжлэг авч, хувийн хэвшлийн үүрэг нэмэгдсэнээр Хятадын технологийн стратегид илүү чухал байр суурь эзэлнэ. Ялангуяа хиймэл оюун ухааны чиглэлд дэмжлэг өндөр байна" гэжээ.
Ерөнхийдөө, Capital Economics ойрын нэг жилийн хугацаанд БНХАУ-ын MSCI China индекс нь бусад хөгжиж буй зах зээлүүдийн MSCI EM индексээс давуу үзүүлэлттэй байх ч, АНУ болон дэлхийн зах зээлийн нийтлэг индексүүдээс доогуур байх төлөвтэй гэж үзэж байна.
Харин үнэт цаасны зах зээлийн тухайд хүлээлт харьцангуй тааруухан байгаа аж. Өмнө нь хүүгийн хувь хэмжээг гүнзгий бууруулах төлөвтэй байсан бол одоо энэхүү хүлээлт буурсан байна. БНХАУ-ын Ардын банк хэт үйлдвэрлэлээс үүдэлтэй дефляцийг өдөөхөөс болгоомжилж, үр ашиггүй компаниудыг хэт хямд зээлийн нөхцлөөр амьд үлдэхийг хүсэхгүй байгаа бололтой.
“Бид одоо бодлогын хүүг бууруулах явц өмнө таамаглаж байснаас илүү удаан явагдана гэж үзэж байна” гэж тайланд дурджээ.
Үүний улмаас 2025 оны эцэст 10 жилийн хугацаатай бондын өгөөжийг өмнөх 1.40%-ийн төсөөллөөс 1.65% болгон өөрчилжээ.
Хятадын мөнгөн тэмдэгт (юань буюу юань/ренминби) ч шинэ татварын дарамтад өртсөн ч тогтвортой хэвээр байх аж. Capital Economics энэхүү тогтвортой байдал үргэлжилнэ гэж үзэж байгаа ч оны эцэс гэхэд бага зэрэг сулрах төлөвтэй гэжээ.
Юаний ханшийг 2025 оны эцэс гэхэд 1 ам.доллар = 7.35 юань болохоор таамаглаж байгаа бөгөөд энэ нь одоогийн 7.18 юанийн ханшаас суларсан үзүүлэлт юм.









