



















БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёл, тэргүүн хатагтай Ким Кён Хиг тойрсон асуудлаар 2024 оны 11-р сарын 7-нд мэдэгдэл хийж, ард түмнээсээ уучлалт гуйв.
Учир нь тус улсын тэргүүн хатагтай нараас хамгийн их хэл аманд орооцолдож буй тэргүүн хатагтай Ким Кён Хи юм.
Тухайн үед Ерөнхийлөгч Юн Сок Ёл, “Хэрэв миний эхнэр хууль бус үйлдэл хийсэн бол би хэчнээн хайртай байгаад ч, Ерөнхийлөгч байсан ч өмгөөлж чадахгүй, хариуцлагаа хүлээнэ. Мөн Ерөнхийлөгчөөр ажиллах үлдсэн хоёр жил хагасын хугацаанд бүх хүчээ дайчлан ажиллана. Үүсээд буй бүх асуудал миний буруугаас болсон, би ард түмнээсээ уучлалт гуйж байна.” гэж хэлээд бөхийсөн байдаг.
2023 оны есдүгээр сард Тэргүүн хатагтай Ким Кён Хигийн сүмийн тэргүүнээс З сая воны үнэтэй "DIOR"-ын цүнх бэлгэнд авсан хэрэг нь "хаагдсан" ч сөрөг хүчний шахалтад орсоор байгаа эрх баригч намын дунд болон засгийн газарт томоохон хагарал үүсэх хэмжээнд тулсан юм.
Мөн тэргүүн хатагтай төрийн хэрэгт хөндлөнгөөс оролцох, бусдад албан тушаал амлах, улс төрийн хүрээний нэр бүхий хүмүүстэй байнга зурвасаар харилцах, намын нэр дэвшүүлэх дотоод асуудалд хутгалдах, бөө үзмэрчтэй дотночлон төрийн асуудлаар уулзаж зөвлөгөө авдаг гэх мэт асуудал ээлж дарааллан орооцолдоод байв. Мөн тухайн үед БНСУ-ын иргэд тэргүүн хатагтайг хөх ордон биш өөр газарт амьдарч байгаа гэх мэдээлэл цахим орчинд тарж байсан юм.
Ким Кён Хи тэргүүн хатагтайг биеэ зөв авч явахгүй байнга асуудалд орооцолдож буйд иргэд нь шүүмжлэлтэй хандаж, БНСУ-ын иргэдийн засгийн газартаа итгэх итгэл 10 хувь, Ерөнхийлөгчдөө итгэх итгэл ердөө 19 хувт болтлоо буурчээ. Ерөнхийлөгч Юн Сок Ёл тангараг өргөх үеэс эхлээд Тэргүүн хатагтай хэл аманд өртөх болсон юм. Тэргүүн хатагтай Ким Кён Хи өөрийн намтартаа Нью-Йоркийн их сургуулийн “Стерн Бизнес”-ийн сургуульд суралцаж төгссөн гэж бичиж байв.
Гэвч энэ нь мөн л худал мэдээлэл байсан бөгөөд худал хэлснийхээ төлөө уучлалт гуйж байв.
Түүнээс гадна Сөүл хотын “Alternative space loop” ТББ-т ажиллаж байсан хэмээн намтартаа бичсэн нь худал болж таарчээ. Түүнийг “Alternative space loop” ТББ-д ажиллаж байсан гэх мэдээлэл баримт, гэрчлэх хүн олдоогүй юм.
Энэ мэдээлэл гарсны дараа БНСУ-ын хэвлэлүүд түүнийг архины газрын эмэгтэй байсан гэх баримтуудыг гаргаж ирсэн ч худал цацсан хэмээн 6 хүн яллагдагчаар татагдагдсан байдаг.
Харин сөрөг хүчин Ардчилсан намын зүгээс тэргүүн хатагтай нарыг хууль бус асуудлуудад орооцолдсон тохиолдолд “яллах тусгай хууль” гаргах ёстой хэмээн эрхбаригчдад шахалт үзүүлж байв. Мөн Ерөнхийлөгч Юн Сок Ёлыг огцрох ёстой гэж үзсэн иргэдийн томоохон жагсаалууд ч болсоор байв. Нэр хүнд нь унасан засгийн газрын гишүүдийн эсрэг импичмент хийх саналыг Үндэсний ассамблейд 22 удаа хүргүүлсэн нь тус улсын түүхэнд өмнө гарч байгаагүй үзэгдэл болов. Мөн ирэх оны төсөв хэлэлцэх үеэр сөрөг хүчин төсвийг танаж хийх ёстой гэж үзэж, тодотголын төслийг өргөн барьж, төрийн ерөнхий аудитор, Ерөнхий прокурорыг огцруулах санал хүргүүлсэн юм.
Сөрөг хүчин БНСУ-ын төрийн ерөнхий аудитор, Ерөнхий прокурорыг огцруулах санал Үндэсний Ассамблейд хүргүүлсний дараа БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёл 2024 оны 12-р сарын 03-ны өдрийн 22:57 минутад цэргийн "онц байдал" зарлав. Гэнэтийн энэ мэдээлэл олон нийтэд түгшүүр төрүүлж төөрөгдөл үүсгээд байна.
БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёл гэнэтийн мэдэгдэлдээ, Хойд Солонгосын коммунист дэглэмээс улс орноо хамгаалах, төрийн эсрэг элементүүдээс үндсэн хуулиа хамгаалах зорилготой гэжээ. (Сөрөг хүчин Ардчилсан намыг хэлэв).
Тэрээр, “Улс төрийн сөрөг хүчин бидний эрх чөлөө, аз жаргалыг хязгаарлахаар оролцож байна. Би тэднийг устгаж, дэг журмыг сэргээнэ. Цэргийн онцгой байдал зарлаж буй нь манай эрх чөлөөт Бүгд Найрамдах Солонгос Улсын үндсэн хууль, үнэт зүйлд итгэдэг иргэдийг маань гайхшруулж байгааг ойлгож байна. Гэвч гаднаас ирж буй нөлөөлөл шахалтуудын эсрэг ажиллана. Гэхдээ Манай улсын гадаад бодлогод ямар ч өөрчлөлт орохгүй. Ард иргэд минь надад итгэж, хамтдаа эрх чөлөөгөө хамгаалаарай” гэсэн юм.
Гэвч тус улсын хууль тогтоох дээд байгууллага Үндэсний Ассамблей Ерөнхийлөгч Юн Сок Ёолд цэргийн "онц байдлыг" цуцлахыг шаардлаа. Тус улсын үндсэн хуульд зааснаар парламентын гишүүдийн олонх нь шаардсан тохиолдолд онц байдлыг цуцлана гэж заажээ. Тун удалгүй Үндэсний ассамблейн хуралд 300 гишүүн 190 нь оролцож 100 хувийн саналаар цуцлах ёстой гэх санал өгөв.
Ингээд Үндэсний ассамблейн хуралд оролцсон 190 гишүүний 100 хувийн саналаар онц байдлыг цуцлагдсаныг Үндэсний ассамблейн дарга мэдэгдэж байдал намжив...
БНСУ хамгийн сүүлд 1980 онд цэргийн онц байдал зарлаж байв. Засгийн газраа эсэргүүцсэн оюутнууд үйлдвэрчний эвлэлүүдтэй хамтарч үндэсний хэмжээнд бослого гаргах үеэр цэргийн онц байдал зарлаж байжээ...









