



















АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп лхагва гарагт Засгийн Газрын Үр Ашигтай Байдлын Хэлтэс (Department of Government Efficiency - DOGE)-ийн хэмнэсэн хөрөнгийн тодорхой хэсгийг Америкийн татвар төлөгчдөд буцаан олгох боломжийн талаар санал гаргав. Тус улсын Майами хотод болсон Саудын Арабын дэмжлэгтэй хөрөнгө оруулалтын арга хэмжээний үеэр Трамп "DOGE"-ийн хэмнэсэн хөрөнгийн 20%-ийг иргэдэд буцаан олгох, харин өөр 20%-ийг өр төлбөр барагдуулахад зориулах тухай судалж байгаагаа мэдэгдсэн ч хэрхэн хэрэгжүүлэх талаар тодорхой зүйл хэлсэнгүй.
Трамп тэрбумтан Илон Маскийн DOGE-ийг удирдаж буй байдлыг сайшааж, түүнийг “гайхалтай ажил хийж байна” хэмээн магтсан. "DOGE" нь Засгийн газрын үргүй зардал, залилан, хэт үрэлгэн байдлын эсрэг тэмцэж байна... тэд инфляцийг хязгаарлаж, татвар төлөгчдийн мөнгийг өдөр бүр хэдэн арван тэрбумаар нь хэмнэж байна" гэж Трамп хэлжээ. Тус хэлтэс нь Трампын санаачилгаар, Маскийн удирдлага дор байгуулагдсан бөгөөд засгийн газрын үйл ажиллагааг хялбаршуулах, төсвийн зардлыг бууруулах зорилготой юм. DOGE-ийн вебсайтад мэдээлснээр, DOGE эхний нэг сарын хугацаандаа ойролцоогоор 55 тэрбум доллар хэмнэсэн бөгөөд энэ нь Маскийн 2026 он хүртэлх 1-2 их наяд доллар хэмнэх зорилтын нэг хэсэг болж байна.
DOGE-ийн төсвийн таналтын гол бай нь АНУ-ын "Олон улсын хөгжлийн агентлаг" (USAID) болон "Боловсролын Яам" байлаа.
Ерөнхийлөгч Доналд Трамп үг хэлэхдээ засгийн газрын үр ашиггүй зардлын талаар олон удаа дурдаж, шинэ татварын бодлогоос олсон орлого аль хэдийн "гайхалтай" үр дүн үзүүлж буйг онцолсон байна. Тэрээр автомашин, эмийн бүтээгдэхүүн, хагас дамжуулагчийн импортод 25%-ийн худалдааны татвар ногдуулах төлөвлөгөөгөө дахин нотолж, зарим татварыг ирэх сараас хэрэгжүүлж эхлэхээ мэдэгдэв.
Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн эхний сард Трамп Хятадад 10%-ийн татвар, ган болон хөнгөн цагааны импортод 25%-ийн татвар ногдуулсан бөгөөд АНУ-ын гол худалдааны түншүүдэд чиглэсэн нэмэлт татвар тогтоох магадлалтайг анхааруулсан билээ.











