



















АНУ-өндөгний үнэ энэ оны гуравдугаар сард дахин дээд хэмжээндээ хүрсэн талаар мэдээлж байна. Учир нь шувууны томуу үргэлжилж, мөн Улаан өндөгний баяр болон Пасхийн баяр ойртож байгаа. Тус улсын хотуудад Grade A ангиллын нэг аравтай сээт өндөгний дундаж үнэ хоёрдугаар сард 5.90 ам.доллар (20'467 төгрөг) болсон нь өнгөрсөн оны мөн үеэс 10.4%-иар өссөн үзүүлэлт бөгөөд энэ нь нэгдүгээр сарын дээд үнээс (4.95 ам.доллар буюу 16'998 төгрөг) давсан үзүүлэлт ажээ.
Шувууны томуунаас болж фермерүүд 166 сая гаруй шувууг, үүний дийлэнхийг өндөглөгч тахиаг устгахаас аргагүй болсон. Зөвхөн энэ оны эхнээс хойш 30 сая гаруй өндөглөгч тахиа устгагджээ.
Хэрэв үнэ өндөр хэвээр байвал иргэд гурав дахь жилдээ дараалан өндөгний өндөр үнэтэй нүүр тулах нь. Учир нь Улаан өндөгний баяр (дөрөвдүгээр сарын 20) болон Пасх (дөрөвдүгээр сарын 12-ны орой эхэлнэ) гэх хоёр том баярт өндөг чухал үүрэгтэй.
Шувууны томуу гарахаас өмнө өндөгний үнэ олон арван жил 2 ам.доллараас доош байсаар ирсэн. Харин АНУ-ын Хөдөө аж ахуйн яамны таамаглаж буйгаар энэ жил өндөгний үнэ өнгөрсөн оны дунджаас (3.17 ам.доллар) 41% өсөх төлөвтэй байна. Гэхдээ нөхцөл байдал дээрдэх магадлал байгаа талаар ч мэдээлжээ. "USDA" өнгөрсөн долоо хоногт мэдээлэхдээ, өндөгний хомсдол багасаж, бөөний үнэ буурч эхэлсэн тул жижиглэн худалдаанд ч нөлөө үзүүлж магадгүй гэжээ. Мөн сүүлийн хоёр долоо хоногт шувууны томууны томоохон дэгдэлт бүртгэгдээгүй байна.
USDA-гийн гуравдугаар сарын 7-ны тайланд “Худалдан авагчид сүү, сүүн бүтээгдэхүүний тасагт өндөг илүү тогтвортой болж байгааг анзаарах болсон ч жижиглэнгийн үнэ одоогоор өндөр хэвээр байгаа нь худалдан авагчдад хүндрэл учруулж байна" гэж дурджээ.
Техасын A&M их сургуулийн профессор, мал аж ахуй, хүнсний эдийн засаг судлаач Дэвид Андерсон "Бөөний үнэ буурч байгаа нь эерэг дохио. Энэ нь ирэх Хэрэглээний үнийн индексийн (CPI) тайланд өндөгний үнэ буурч магадгүйг харуулж байна" гэжээ. "Гэхдээ тахианы тоо толгой сэргэж, үйлдвэрлэл нэмэгдэх хүртэл нөхцөл байдал бүрэн сайжрахгүй. Үнийг өсгөж байгаа нь фермерүүдэд илүү өндөг үйлдвэрлэх дохио боловч энэ нь цаг хугацаа шаарддаг."
Америкийн Өндөгний зөвлөлийн ерөнхийлөгч, гүйцэтгэх захирал Эмили Метц мөн "Бөөний үнэ буурч буй нь сайн мэдээ ч, Улаан өндөгний баярын эрэлт түр хугацаанд үнийг дахин өсгөж болзошгүй. Мөн хаврын нүүдлийн зэрлэг шувууд шувууны томууг тараах гол шалтгаан хэвээр тул фермерүүд анхааралтай ажиглаж байна" гэжээ.
Үүнээс гадна авлигын шинжтэй үнийн хөөрөгдөл үүссэн байж болзошгүй хэмээн зарим иргэний байгууллага шалгалт хийхийг шаардаж байгаа бол өндөг үйлдвэрлэгчид шувууны томуу л үнийн өсөлтийн гол шалтгаан хэмээн мэдэгдэж байна.
Ресторанууд ч өндөгний үнэ нэмэгдсэнтэй холбоотойгоор нэмэлт төлбөр авах, цэсний өөрчлөлт хийх зэрэг арга хэмжээ авч байна.
Харин Трампын засаг захиргаа шувууны томуутай тэмцэх зорилгоор:
• Фермерүүдийн аюулгүй байдлыг сайжруулахад 500 сая ам.доллар,
• Шувуу устгасан фермерүүдэд 400 сая ам.долларын тусламж,
• Вакцин, эмчилгээний судалгаа хийхэд 100 сая ам.доллар зэргийг зарцуулах төлөвлөгөө танилцуулсан.
Гэсэн хэдий ч энэ төлөвлөгөө түргэн үр дүн өгөхгүй, тодорхой хугацаа шаардлагатай хэмээн үзэж байна.









