



















Товч агуулга:
Алтны үнийг уламжлалт нийлүүлэлт-эрэлтийн жамаар биш, өмчлөгч хоорондын шилжилт хөдөлгөөн тодорхойлдог.
Алтыг газрын тос шиг хэрэглэж дуусгадаггүй, харин хуримтлуулж сейф, төв банкны нөөц, үнэт эдлэлд хадгалдаг.
Үнийг голлон “Итгэл үнэмшилтэй худалдан авагчид” болон “Боломжийн худалдан авагчид” хөдөлгөдөг — яг л Манхэттэний үл хөдлөх хөрөнгө шиг.
Алт бол түүхий эд боловч үнэ нь газрын тосны баррелиас илүү Манхэттэний тансаг үл хөдлөх хөрөнгийн үнэ шиг хэлбэлздэг гэж хөрөнгө оруулалтын банк болох "Голдман Сакс"-ын шинжээчид ням гарагт бичсэн дүгнэлтдээ онцолжээ.
Учир нь газрын тос, хий шиг хэрэглэж дуусгадаггүй. Харин хуримтлагддаг. Сүүлийн саруудад хөрөнгө оруулагчид алт руу хошуурч, үнэ нь шинэ дээд амжилтууд тогтоож байна.

Бүх цаг үед олборлогдсон алт — ойролцоогоор 220,000 тонн — бүгд оршин тогтносоор байгаа бөгөөд ихэнх нь сейф, төв банкны нөөц эсвэл үнэт эдлэлд хадгалагдсан хэвээр. Жил бүрийн шинэ олборлолт алтны нөөцийг ердөө 1 хувь гаран нэмдэг бөгөөд үйлдвэрлэлийн болон техникийн хязгаарлалтаар тогтоогддог.
“Газрын тос шиг шахаад гаргаж болохгүй, харин хэн нэгний гарт байгаа алтыг үнэ амлаж гартаа авч чадна. Алтыг хэрэглэж дуусгадаггүй, харин гараас гарт хүрч, дахин үнэлэгддэг” хэмээн Голдман Сакс бичжээ.
Алтны үнэ нь хэн түүнд эзэн болохыг хүсэж байгаа болон хэн түүнээс салахыг хүсэж байгаагаар тодорхойлогдоно гэж тэд нэмжээ.
Энэ нь алтны зах зээлийг бусад түүхий эдээс эрс ялгаатай болгож байна. Газрын тосны хувьд өндөр үнэ нь эрэлтийг сааруулдаг бол алтанд энэ хамаарахгүй.
“Алтны зах зээл нь үйлдвэрлэл-хэрэглээний тэнцвэрээр биш, харин өмчлөгчийн өөрчлөлтөөр үнэлэгддэг” гэж Голдман онцолжээ.
Итгэл үнэмшилтэй худалдан авагчид – төв банкууд, ETF-үүд, хөрөнгө оруулагчид гэх мэт; үнэ ямар байх нь хамаагүй худалдан авдаг.
Боломжийн худалдан авагчид – Энэтхэг, Хятад зэрэг хөгжиж буй орны айл өрхүүд; үнэ тохиромжтой үед л орж ирдэг.
Хоёр дахь бүлэг нь үнэ унах үед доод шугам болж өгдөг бол чиг хандлагыг голчлон итгэл үнэмшилтэй худалдан авагчид тодорхойлдог.
Манхэттэн дэх орон сууцны тоо үндсэндээ тогтмол бөгөөд жил бүрийн багахан шинэ барилга нь үнийг хөдөлгөдөггүй. Үнийг шийдэх гол зүйл бол “Хязгаар дээрх худалдан авагч” буюу яг одоо худалдаж авахаар шийдсэн хүмүүс юм гэж Голдман тайлбарлажээ.
Тэнд ч гэсэн хоёр төрлийн худалдан авагч бий:
Итгэл үнэмшилтэй худалдан авагчид — Ямар ч үнээр хамаагүй Манхэттэнд амьдрах хүсэлтэй баян хүмүүс.
Боломжийн худалдан авагчид — Үнэ зөв үед л худалдан авах ба үгүй бол Нью Жерси, Бруклинд амьдрахад сэтгэл хангалуун байдаг хүмүүс.
Хоёр зах зээл хоёуланд нь үнэ шинэ нийлүүлэлтээс биш, харин хэн түлхүүрийг гартаа авах вэ гэдгээс хамаарч өөрчлөгдөнө.
Голдман Саксийн дүн шинжилгээгээр алтны сарын хэлбэлзлийн 70 хувийг “итгэл үнэмшилтэй урсгал” тайлбарладаг. Дүрмээр бол, 100 тонн цэвэр худалдан авалт нь үнийг ойролцоогоор 1.7%-иар өсгөдөг.
Энэ дүн шинжилгээ нь алтны хувьд маш тогтворгүй он жилд хийгдэж байна.
2025 оны 4-р сард АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп худалдааны түншүүддээ өндөр татвар зарласны дараа, мөн Холбооны Нөөцийн бие даасан байдалд эргэлзээ төрсний улмаас алтны үнэ түүхэн дээд түвшин болох нэг унци нь $3,500-аас давжээ.
Одоогоор спот алтны үнэ $3,330 орчим, энэ оны эхнээс хойш 27% өсөөд байна.
Голдман Сакс 2025 оны эцэс гэхэд алтны үнэ $3,700, 2026 оны дунд гэхэд $4,000 болно гэж таамаглаж байна.









