



















Засгийн газрын хэмжээнд алсаас ажиллах горимыг зогсоож, ажилтнуудыг оффист эргэн ирүүлэх тушаалын дагуу Хүний нөөцийн удирдлагын албаны (Office of Personnel Management, OPM) ажилтнууд даваа гарагт ажлын байрандаа ирэхэд "Чихэртэй аяга, бөмбөлөг, удирдлагуудын гар барилт, зураг авалт зэргээр угтан авсан нь тэднийг гайхшруулж, цочроосон" гэж тухайн үйл явдалтай холбоотой гурван эх сурвалж мэдээлжээ.
Эдгээр ажилтнуудын олонх нь COVID-19 цар тахлын өмнө ч алсаас ажиллаж байсан бөгөөд ажлын ихэнхийг зайнаас хийх боломжтой гэж үздэг байна.
Энэ нь Вашингтоноос 50 миль (80 км) хүртэлх зайд амьдардаг холбооны албан хаагчид ажлын байрандаа эргэн ирэх ёстой болсон анхны өдөр байв. Ерөнхийлөгч Дональд Трамп, тэрбумтан Илон Маск нар холбооны ажлын байрыг эрс багасгах бодлогын хүрээнд энэ шийдвэр гарсан юм.
Доналд Трамп хоёр дахь удаагаа Ерөнхийлөгч болсноос хойш зургаан долоо хоног өнгөрч буй ч олон ажилтан одоо болтол хамтран ажиллагсад нь ажлаасаа халагдсанд цочролд орсон хэвээр байна. Энэ нь тусгаар тогтносон бюрократ (Дүрэм журмыг баримтлан, үүрэг хариуцлага нь тодорхой заагдсан, шат дамжлагатай систем дотрр ажиллахыг хэлдэг) тогтолцоог хумьж, шинэчлэх Бүгд найрамдах намын удирдагчийн санаачилгын нэг хэсэг юм.
"OPM" бол энэ шинэчлэлийн төв цэг болж буй агентлаг
Баасан гарагт засгийн газрын нөхөн олговор (buyout) авч ажлаасаа гарсан "OPM"-ийн ажилтнууд сүүлийн удаа ажлын байранд ашиглагддаг хэрэгслүүдээ буцааж өгөөд ажлын байрыг орхисон. Мөн агентлагт саяхан ажилд орсон бүх хүнийг халж, олон туршлагатай ажилтнуудад ажлаас чөлөөлөгдөх мэдэгдэл хүргүүлсэн байна.
"OPM" нийт хэдэн хүнийг халж, нөхөн олговор олгосон талаар тодорхой тоо хэлээгүй ч эх сурвалжийн мэдээлснээр энэ тоо 3,300 ажилтнаас 650 орчимд хүрчээ.
"Даваа гарагт ажилдаа ирсэн "OPM"-ийн ажилтнуудыг угтахдаа чихрийн таваг тавьж, баярын бөмбөлөг өлгөж, мөн агентлагийн түр орлон гүйцэтгэгч захирал Чак Эзелл, штабын дарга Аманда Скэйлс нарын хамт зураг, бичлэг хийсэн" гэж эх сурвалжууд мэдээлжээ.
Эзелл нь Маскийн санаачилсан Засгийн газрын үр ашгийг дээшлүүлэх хэлтэс (Department of Government Efficiency, DOGE)-ийн төсвийн таналтын бодлогыг хэрэгжүүлэх гол хүн гэж тооцогддог.
Нэрээ нууцлахыг хүссэн нэг ажилтан "Бидний ажлыг үл хүндэтгэсэн, агентлагийг маань үгүй хийх бодлогыг голлон хэрэгжүүлж буй хүмүүс камер бариад, инээмсэглэн гар барих нь үл тоомсорлосон гэхэд дэндүү, бүр доромжлол шиг санагдсан." гэжээ.
Өөр нэг ажилтан үүнийг "Цочирдом", гурав дахь нь "Балиар" гэж тодорхойлсон байна.
Доналд Трамп нэгдүгээр сард албан тушаалаа хүлээн авснаас хойш OPM-ийг DOGE агентлаг хяналтдаа авсан. OPM нь холбооны засгийн газрын одоо ажиллаж буй болон өмнө нь ажиллаж байсан ажилтнуудын хувийн мэдээллийн томоохон өгөгдлийн санг хадгалдаг юм.
OPM-ийн хэвлэлийн төлөөлөгч МакЛорин Пиновер уг угталтын арга хэмжээг хамгаалан, дараах тайлбарыг Reuters-т илгээсэн байна "OPM ажилдаа эргэн ирсэн ажилтнуудаа халуун дотноор хүлээн авахыг хүссэн. Манай агентлаг ажиллах орчноо нийтийн үйлчилгээг сайжруулах хөдөлгүүр болгон хөгжүүлэхийн төлөө ажиллаж байна." гэсэн аж.
Түүнчлэн тэрээр Эзеллийн даваа гарагт Маскийн X сошиал платформ дээр бичсэн нийтлэлийг иш татжээ "Өглөө ажилдаа эргэн ирсэн ажилтнуудаа угтан авах сайхан байлаа! Холбооны төрийн албан хаагчид бол нийтийн үйлчилгээний тулгуур багана юм. Та бүхний өдөр бүр гаргаж буй зүтгэл, үнэнч байдалд би талархаж байна" гэжээ.
Трампын санаачилсан DOGE агентлаг холбооны ажиллах хүчийг эрс бууруулж, төсвийг танах зорилгоор байгуулагдсанаас хойш дор хаяж 100,000 ажилтан ажлаасаа гарсан буюу халагдсан байна. Одоогоор холбооны иргэний ажилчдын тоо 2.3 сая орчим байгаа бөгөөд сүүлийн өдрүүдэд хэд хэдэн агентлагт дахин олон мянган халагдах мэдэгдэл хүргүүлсэн гэж мэдээлсэн юм.











